Хэрэв би ном уншдаггүй байсан бол ийм итгэлтэй байж чадахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Зарим хүүхэд багаасаа л номтой нөхөрлөж эхэлсэн байхад харин би ном унших тийм ч дуртай биш байлаа. Дуу хөгжим хөөгөөд л гүйгээд байдаг байв. Гэвч номоос хөндий удаан яваагүй.
Дунд ангид орсноос хойш би эрс өөрчлөгдөж, дуу шуугүй, даруухан хүүхэд болчихсон. Яг энэ үед миний хамгийн сайн найз ном болж хувирсан юм. Оросын нэрт зохиолч Максим Горькийн хэлсэн алдартай үг байдаг. “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж. Тухайн үед энэ үг өөрөө миний ертөнцийг үзэх "цонх" болсон юм. Бид байшингийн цонхоор гудамжинд холхих хүмүүс болон бусад зүйлийг л хардаг.
Харин номоос бид хараа үл хүрэх алс хязгаарыг, дэлхий ертөнц хэчнээн гайхалтай үзэсгэлэнтэйг, ямар уудам баялаг болохыг, түүнчлэн олон орны соёл, урлаг, түүх, шинжлэх ухааны сонин хачныг зөвхөн ном гэдэг "цонх"-оор л мэдэж, таньдаг.
Ном миний, таны итгэлт найз юм. Хэрэв би ном уншдаггүй байсан бол энэ бүгдийг ийм итгэлтэйгээр хэлж чадахгүй байх. Хамгийн гол нь ном уншсанаар төсөөлөн бодох чадвар сайжирч, баялаг үгийн сантай болдог юм билээ.
Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургуулийн 11"г" ангийн
сурагч Б.Ариунтуул