БУЛГАН: Сүүлийн хоёр жилд хөдөөгийн 30 шахам байршилд үүрэн холбооны сүлжээтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-06 10:25:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 75 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлж, интернэт ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилт амжилттай хэрэгжиж байна гэж ярилаа.


        Өнгөрсөн онд “Мобиком” корпораци тус аймгийн нутаг дэвсгэрт 17 байршилд сүлжээ оруулсан байна. Энэ онд “Юнител” корпораци Рашаант, Дашинчилэн, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Орхон, Сайхан, Могод, Бугат, Хутаг-Өндөр, Тэшиг сумын 12 байршилд өөрсдийн 4G сүлжээг нэвтрүүллээ.


Үүрэн холбооны сүлжээ, 4G хурдны интернэт тухайн орон нутагт бий болсноор алслагдсан хөдөө нутгийн малчин ард иргэд гадаад, дотоодод сурч, ажиллаж, амьдарч байгаа дотны хүмүүстэйгээ ямарваа нэгэн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран саадгүй харилцах болж байна. Мөн иргэдэд явуулын эхо оношилгоог хийх мобайл технологиор саадгүй үйлчлэх, малчид мал сүргээ гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх GPS төхөөрөмжийг ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой дэвшилд хүрч байгаа гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.


Хөдөөгийн багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлж, интернэт ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл компаниудад хамтран ажиллах хүсэлтийг 2020 онд хүргүүлж байжээ.

Холбоотой мэдээ