БУЛГАН: Д.Долгор: Үйлчлүүлэгчдийн талархал хамгийн том шагнал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Авто тээврийн 8 дугаар баазын анхны эмэгтэй жолооч Д.Долгорын туулсан замнал, ажил амьдралын тухай ярилцлаа.
Онц тээвэрчин, осолгүй манлай жолооч Д.Долгор нь авто тээврийн салбарт олон жил ажилласан. Тэрээр зочид, төлөөлөгчдөд үйлчилж, ажлаа хариуцлагатай гүйцэтгэж ирсэн байна. Энэ салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж, ажлын норм, төлөвлөгөөг тогтмол 105-132 хувиар давуулан биелүүлж, таван жилийн төлөвлөгөөг 2 жил 10 сард биелүүлсэн байна.
-Таныг авто баазын гурван үеийн жолооч нарын нэг гэдэг. Үүнийг тодруулбал?
-Тийм ээ, манай гэр бүлд 7 жолооч байна. Миний аав Ванчигийн Дамдинсүрэн Булган аймгийн анхны саятан жолооч байсан бөгөөд дөрвөн хүүхдээ жолооч болгосон. Манай ах, дүү, гэр бүлийн хүн болон хүү минь бүгд жолооч. Би өөрөө 56 жилийн турш авто тээврийн салбарт ажиллаж, амьдралаа энэ ажилд зориулж ирсэн.
-Нэг гэр бүлд олон тээврийн жолооч байх нь ямар санагддаг вэ? Бахархалтай дурсамжаасаа хуваалцвал?
-Саятан жолооч нарын хаалгаар аав, ах, дүү нартайгаа хамт орж ирэх нь бахархалтай санагддаг. Мөн наадмын нээлтэд аймгийн тэргүүний жолооч нарын парадад оролцож, аав, ах бид гурав цувран явж, үзэгчдийн өмнүүр машин жолоодон баяр наадмыг нээж байсан сайхан дурсамж бий.

-Та хэдэн настай ажлын гараагаа эхэлсэн бэ?
-Авто тээврийн 8 дугаар баазад “Ганган Долгор” гэж ганц эмэгтэй жолооч ажиллаж байсан гэдэг.
-Тухайн үед эмэгтэй жолооч цөөн байсан. Манай баазад замд явдаг нэг, дотор ажилладаг хоёр эмэгтэй ажилладаг байсан.
-“Ганган Долгор” гэж нэрлэх болсон нь юутай холбоотой вэ?
-Тухайн үед Төв хороо, Сайд нарын зөвлөлийн томилолттой хүмүүс ирэхэд Цагдаагийн байгууллагаас машины бүрэн бүтэн байдлыг шалгаж, зөвшөөрөл өгдөг байсан. Миний машин энэ шалгалтад байнга тэнцэж, техникийн хувьд үргэлж бэлэн байдаг байв.
Би зорчигчдын ая тухыг бодож машинаа тогтмол арчилж, цэвэр цэмцгэр байлгадаг байсан. Нэг удаа баазын дарга машины минь моторыг шалгаж, толь шиг гялалзаж байгааг нь нийт жолооч нарт үзүүлж, ийм нямбай байхыг сануулж байлаа. Мөн хотын дарга нар машинд суухдаа хүртэл “гуталтайгаа орох уу” гэж асууж байсан. Эдгээрээс шалтгаалан намайг “Ганган Долгор” гэж 40 гаруй жил дуудсаар ирсэн юм.
-Та албаны томилолтоор ирсэн ямар, ямар хүмүүст үйлчилж байсан бэ?
-Би “Хүргэн хүү” киноны гол дүр Хайдав баян, “Мандухай цэцэн хатан” киноны Исмэл тайжийн дүрийг бүтээсэн Ардын жүжигчин Б.Дамчаа, нэрт кино зохиолч, СГЗ Х.Зандраабайдий, Болор цомын хошой шагналт яруу найрагч Ц.Чимэддорж, МУГЖ Д.Бадамгарав, Төрийн соёрхолт яруу найрагч З.Дорж, мөн З.Сандаг-Очир, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа зэрэг олон алдартан, төр нийгмийн зүтгэлтнүүдэд албаны томилолтоор үйлчилж явсан.
-Та яагаад жолооч болох замыг сонгосон бэ?
-Би 19 настайдаа анхны хань Д.Шижээтэй учирч айл болсон. Хань минь Тэжээл тээврийн 25 дугаар баазын жолооч, 1975-1976 оны баазын хошой аварга, 1976-1977 оны ургац тээвэрлэлтийн уралдааны 2-р байрын шагналт, АИХ-ын депутат, онц тээвэрчин жолооч байсан. Харамсалтай нь тэрээр амьдралынхаа ид үед хорвоог орхисон юм. Ингээд би 25 настайдаа 1-6 насны гурван хүүхэдтэйгээ үлдсэн. Ингээд би нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэхээр шийдэж, авто тээврийн жолооч болох замыг сонгосон.
-Та одоог хүртэл хэдэн километр зам туулснаа тооцож үзсэн үү?
-Надад яваагүй аймаг, очоогүй сум бараг байхгүй. Баруун таван аймаг, говийн гурван аймаг, хойд бүсийн аймгуудаар гээд баазын жолооч хаашаа л зам хуваарилна, тийшээ явдаг байсан. Миний туулсан замын уртыг тооцвол дэлхийг хэд тойрсонтой дүйцэх байх.
-Холын тээврийн жолоочийн хувьд замд байнга явж байх үедээ бага насны хүүхдүүдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлсэн бэ? Энэ нь амаргүй, их тэмцэл байсан байх.
-Зуд, ган гачиг, түймэр зэрэгт байнга дайчлагддаг байлаа. Зарим үед Өвөрхангай аймагт ажлаа дуусгаад амарч ч амжилгүй, дараагийн замын хуваарь гарчихсан, Хэнтий аймаг руу явах даалгавар хүлээж байдаг байсан. Нэгэнт замын хуудас бичигдсэн бол зөрчих эрхгүй, төр, түмний өмнөөс өгсөн үүрэг даалгавар гэж үздэг байв. Тиймээс амарч ч чадалгүй дахин замд гардаг тохиолдол олон байсан. Тухайн үед жолооч бүрд замын хуудас олгодог байсан. Би хүүхдүүдээ бага байхад замд явахдаа гэртээ үлдээгээд явна. Ойр тойрныхондоо захиад л 6 настай нь 2 настай дүүгээ хараад үлддэг байлаа.
Тухайн үед авч явсан албаны хүнээ буудалд оруулчхаад жолооч нар машиндаа л хүлээнэ шүү дээ. Би зам аваад гарахдаа дээлээ эсгэж аваад явдаг очсон газраа даргыг хүлээж суухдаа машиндаа оёдог, хүүхдүүдийнхээ хувцсыг 70кг-ийн гурилын шуудайд чихээд ардаа нуучихна. Даргыгаа хурал уулзалт хийх хооронд нь голын зах дээр очоод угаагаад авчихдаг зэрэг эмэгтэй хүний заавал амжуулах ажлаа аян замд шөнө дөлөөр, явдал дундаа л хийдэг байлаа. Энэ амьдралтай их тэмцэлдсэний хүчинд хүүхдүүд минь сайхан өссөн одоо жаргааж л байна. Ийнхүү 12 жилийн турш хүүхдүүдээ өсгөх гэж тэмцэж яваад дахин сайн ханьтай учирсан даа. Миний ханийг Жамбалын Алтанхуяг гэдэг тээврийн жолооч. Одоо бид өнөр өтгөн үндэс мөчир олуулаа л амьдарч явна.
-Амьдралд нь хамгийн тод үлдсэн дурсамжтай мөчүүдээсээ хуваалцвал?
-Тэр үед би шагналаа авах завгүй, байнга замд явдаг байлаа. Нэг жил тээвэрчдийн баяраар бас л замд явчихсан байсан. Харин 9-р ангийн том охиныг минь баазын дарга дуудаж, “Ээжийнхээ өмнөөс хуралд сууж шагнал аваарай” гэж хэлсэн байна. Тэр жил би олон удаагийн аварга болж, охин минь миний өмнөөс хэд хэдэн удаа гарч шагнал авчээ. Харин дараа нь дахин дуудах үед “Би ичээд байна” гээд гараагүй гэдэг. Шагналд өгсөн ховор бараа болох 45-ын гутал, халат зэргийг охин минь хажуудаа тавиад юу хийхээ мэдэхгүй сууж байхад дарга нь өөрөө гэрт нь хүргэж өгсөн байдаг. Энэ бол миний амьдралын мартагдашгүй, сайхан дурсамжуудын нэг юм.

Тэмцэл, бэрхшээлтэй үе гэвэл нэг удаа их цастай өвөл Бугат сум руу явж байлаа. Даргаа буудалд амраачхаад танил айлд очиж түр амрахаар болоод унтчихсан юм. Гэтэл зүүдэндээ хүүхдүүд минь, гэр шатаж байна гээд цочиж сэрсэн. Шууд босоод хувцсаа өмсөөд, “Өглөө болтол ирнэ, хүүхдүүдээ эргээд ирье, муухай зүүд зүүдэллээ” гэж даргад хэлээд гараад давхисан. Дарга ч зөвшөөрөөд үлдсэн.
Зам их цастай, бартаатай байсан ч Хөх чулуутын даваагаар дөтлөн, хүүхдүүдээ л бодоод яарсаар гэртээ ирэхэд хүүхдүүд минь цахилгаан плитка асаалттай унтчихсан, гэрэл асаалттай, хаалга нь онгорхой байсан. Жаахан л оройтсон бол аюултай байж болохоор байжээ. Тэр үед эх хүний зөн совин гэж байдаг юм байна гэж их мэдэрсэн. Хүүхдүүдээ тайвшруулж, хувцсыг нь засаж унтуулчхаад, өглөөний цай бэлдэж, гэр орноо янзалчхаад буцаад очиж байлаа.
-Таны гаргасан амжилтуудыг дурдвал?
-Би VIII таван жилийн төлөвлөгөөг 2 жил 8 сард биелүүлж, “VIII таван жилийн гавшгайч” цол тэмдгээр шагнуулж байсан.
1987 онд 43,5 мянган км-ийн төлбөрт үйлчилгээ үзүүлж, 89 мянган төгрөгийн хэмнэлт гарган парк ашиглалтыг 84 хувьд хүргэж “Суудлын машины үйлчилгээний аварга” болсон. 1988 онд авто тээврийн үзлэгт 1-р байр эзэлж “2-р зэргийн жолооч” болсон.
1989 онд төлөвлөгөөг 132 хувиар давуулан биелүүлж, 48,1 мянган км үйлчилгээ үзүүлэн 100,9 мянган төгрөгийн орлого бүрдүүлж “Суудлын машины үйлчилгээний хошой аварга” болсон. Мөн 1989-1990 онд Тээврийн яамны уралдаанд 2 удаа шалгарч байв.
Төр, засгаас миний хөдөлмөрийг үнэлж “Хүндэт тэмдэг”, “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай жолооч”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Ардын хувьсгалын болон Авто тээврийн ойн медалиуд, аймгийн Засаг даргын “Жуух бичиг” зэрэг олон шагналаар шагнасан.
Байгууллага, төр засгийн шагналаас гадна үйлчлүүлэгчдийн “Танд баярлалаа” гэсэн үг миний хувьд хамгийн үнэ цэнтэй шагнал байлаа. Миний ажилласан хугацаанд иргэдээс нэг ч гомдол ирж байгаагүй.
-Ярилцсанд баярлалаа.


Д.Долгор ахтайгаа баярын парад

Өдгөө 73 настай Д.Долгор гуай хатгамал оёж, авдар хээлж үрсдээ дурсамж бүтээж сууна

Хүүгийндээ оёж өгсөн хатгамал

Олон жилийн өмнө авдар эрээлдэг байснаа сэргээж одоо хүүхдүүддээ өв үлдээхээр хийж буй авдар нь