БУЛГАН: Хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул А.В.Огановыг энэ сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Тухайлбал, боловсролын чиглэлээр орос хэлний сургалтыг түгээн дэлгэрүүлэхэд мэргэжлийн багшийн хүний нөөцөөр хангах, мөн Булган аймгийн оюутан, залуусыг ОХУ-д техникийн боловсрол эзэмшихэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Булган аймгийн Засаг даргын Тамгын газар болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Булган аймгийн оюутан, залуусыг Буриадын их, дээд сургуулиудад суралцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Багш бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Буриад Улсын хамтын ажиллагааны дагуу Буриадын багшийн коллежид монгол оюутнуудыг суралцуулж байна.
Одоогоор тус коллежид багш мэргэжлээр 70 орчим монгол оюутан суралцаж байгаа бөгөөд Булган аймгийн оюутнууд ч мөн уг хөтөлбөрт хамрагдах боломж нээлттэй байна.


