Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байнгын ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-14 11:43:12
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн чиглэлээр 26 төсөлд 33,0 сая төгрөгөөр санхүүжүүлснээр  байнгын 28 ажлын байр бий болжээ.
Эргэн төлөгдөх нөхцөлтэй төслийг барилгын материал үйлдвэрлэх, мужаан, нийтийн болон түргэн хоол, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төмс хүнсний ногоо тариалах, цагаан идээ боловсруулах болон гар урлалын чиглэлээр олгожээ.
Төсөлд хамрагдсан иргэдийг “Хөгжлийн хөтөч” сургалтын байгууллагатай хамтран бизнесээ хэрхэн хөгжүүлэх, мэдлэг олгож, “Бизнесээ эхэл”, Бизнесээ хөгжүүл”, “Санхүүгийн бүртгэлийг хэрхэн хөтлөх” сэдэвтэй аж ахуй эрхлэх сургалтад хамруулсан байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар хангах зорилгоор Баяннуур сумын “Хушт-Эрэг” ХХК-тай өнгөрсөн онд гэрээ байгуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар ханган ажиллуулж буй ажил олгогчийн урамшуулалд 2,3 сая төгрөгийг олгосон. Мөн энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан Сайхан сумын “Аргун номт” ХХК, Могод сумын “Эрхт түшиг” ХХК-тай урамшууллын гэрээ байгуулан ажиллаж байна гэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хэлтсийн дарга Г.Нямдорж ярив.
М.Батжаргал
Холбоотой мэдээ