“Алтай” нисэх буудлын шинэ зурвас ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-12 16:19:03
Говь-Алтай/ МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймаг дахь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Алтай” нисэх буудлын шинэ зурвасыг нээх үйл ажиллагаа өнөөдөр “Алтай” нисэх буудлын аэродромд боллоо.  
Нээлтэнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, “Алтай” нисэх буудлын дарга Д.Батбаяр, “Хүннү-Эйр” ХХК-ийн дэд захирал П.Мөнхжаргал, уг шинэ зурвасын ажлыг гүйцэтгэсэн “Заабар” ХХК-ийн дэд захирал Т.Батсайхан нар болон албаны бусад хүмүүс, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.
Нисэх буудлын хөөрч буух хайрган болон хатуу хучилттай зурвас, үерийн далан барих гэрээт ажлын гүйцэтгэгчээр ажилласан “Заабар” ХХК  2008 онд барилга угсралтын ажлаа эхэлж, 2009 онд 2.3 км урт хөөрч буух шороон зурвасыг хүлээлгэн өгсөн байна.  Мөн 2013 онд 3620 м үерийн далан барьж, 2016 оны эцэст 2.9 км урт хөөрч буух хатуу хучилттай зурвас, 275 м урт, 15 м өргөнтэй явгалах зам, 120 м урт, 85 м өргөнтэй агаарын хөлгийн зогсоолыг  улсын комисст хүлээлгэн өгснөөр өнөөдөр албан ёсоор нээж байгаа ажээ.
Цаашид “Хүннү-Эйр” авиа компани Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр боллоо.
“Алтай” нисэх буудал нь 2012 оны 10 сард цагт 100 зорчигч хүлээн авах, үдэн гаргах хүчин чадал бүхий шинэ аэровокзалыг ашиглалтанд оруулснаар  өдгөө 30-аад ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
                                                                                                                                                                                  Ш.Цоодол
 
Холбоотой мэдээ