ГОВЬ-АЛТАЙ: Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-24 09:34:01

Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөдөвдүгээр сарын 23-ны өдөр монгол бөхөн хамгаалах өдөр тохиодог. 


Эл өдрийн хүрээнд тус аймгийн Байгаль орчны газраас монгол бөхөнгийн онцлог, хэв шинж түүнийг хамгаалах, бахархах, танин мэдүүлэхээр олон нийтэд чиглэсэн сургалт мэдээлэл, танин мэдэхүйн олон талын үйл ажиллагааг зохион байгуулдаг аж. Тухайлбал, “Эко” клубийн сурагчидтай хамтран булаг шандын эхийг хамгаалах мөн автомат камер суурилуулан хөдөлгөөнийг нь ажиглах, ард иргэдэд холбогдох хууль тогтоомжийг танилцуулах, малчдад малын бэлчээрийг хуваарьтай ашиглах зөвлөмж хүргэх гэх мэт цогц ажлыг тогтмол зохион байгуулсаар иржээ. 


Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэгдэн, Амьтны аймгийн тухай хуулийн (1995) нэн ховор амьтдын ангилалд орсон монгол бөхөнгийн тархцын 70-80 хувь нь Говь-Алтай аймагт байдаг. 


Зөвхөн манай орны Говь-Алтай, Ховд, Увс аймагт байдаг ч цөм сүрэг нь тус аймгийн Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Тонхил, Төгрөг, Халиун сум мөн Бигэрийн хоолойгоор тархан нутагладаг ажээ.


Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж 2014 оны байдлаар тоо толгой нь 14,000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь 2016 оны сүүлээр бог малын мялзан өвчний улмаас 53 хувь нь хорогдож 2017 оны намар 3000 орчим монгол бөхөн тоологдож байв. Тэгвэл өдгөө тоо толгой нь даруй 28 мянгад хүрсэн байна хэмээн Говь-Алтай аймгийн БОГ-ын дарга  Д.Батмагнай мэдээллээ. 


Монгол бөхөн нь эртний хэв шинжээ хадгалж ирсэн цорын ганц нэн ховор амьтан гэж нэрлэгддэг билээ. Ташрамд, монгол бөхөнгийн тухай хэд хэдэн сонирхолтой баримт бий. 



-Мөстлөгийн үеэс өдийг хүртэл зөвхөн Монголд амьдарч байгаа амьтан бол монгол бөхөн юм. 

-Эрийг нь хэржин, эмийг нь хэрэгчин төлийг янзага гэнэ.

-Эр бөхөн Ооно л эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй.

-115 см-ийн урт биетэй, зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг.

-5 сар орчим хээлээ тээж 6 сард 1-2 янзага гаргадаг бөгөөд эмэгчин нь ихэрлэх магадлал ихтэй бөгөөд арван зургаа хүртэл хувь нь үргэлж ихэрлэдэг.

-Монгол бөхөн 10-12 жил амьдрах чадвартай.

-Говийн хялгана, таана, хөмүүл, баглуур, шарилж зэрэг 30-аад төрлийн өвс ургамлаар хооллодог. Хавар өвс ногоо нялх шүүслэг үед бол бараг ус уудаггүй байна.

-Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг.

-Бөхөнгийн монхор хамар нь хурдан гүйхэд хүйтэн агаар уушигт нь оруулахгүйн тулд зохилдсон байдаг байна.

-Сүрэглэж бөөнөөр явдаг энэ амьтан бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж хорголоороо говь цөлийн бүсийн хөрсийг бордон ургамлан нөмрөгийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг ажээ.

Холбоотой мэдээ