ГОВЬ-АЛТАЙ: “Хантайшир” брэндийн суран эдлэлийг экспортод гаргаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн П.Дашбазар нь хоёр хүүгийн хамт сур, суран эдлэлийн үйлдвэрлэл эрхэлж, өрхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.
“Базгайн хөх эрчис” ХХК-ийг 2023 онд байгуулж, арьс, шир боловсруулах үйлдвэрлэлээ өргөжүүлэн, залуусыг сургаж дадлагажуулан, улирлын 3-5 ажлын байрыг бий болгон ажиллаж байна. Үйлдвэрлэл эрхлэгч П.Дашбазар 2023 онд ЖДҮХС-гийн зээлд хамрагдан үйлдвэрийн байраа шинээр барьж, үйл ажиллагаагаа тэлжээ.

Тэд “Хантайшир” брэндийн сур, суран эдлэлийн багц бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ БНХАУ-д экспортолж, орон нутгийн төдийгүй Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байна. Тодруулбал, боловсруулсан ширээр бугуйл, хазаар, ногт, чөдөр, ташуур, даруулга, олом зэрэг морины бүх төрлийн эдлэл, хэрэгслийг урлан хийдэг.
Тэд хоёр хүүтэйгээ зөвлөлдөн, хоёр жилийн өмнө айл бүрийн хойморт байх “Хантайшир” багцыг гаргаж, орон нутгийнхаа брэнд болгон хөгжүүлжээ. Суран багцад 9 алд битүү сүлжмэл бугуйл, халз духавчтай сүлжмэл хазаар, сүлжмэл жолоо, сүлжмэл ногт, сүлжмэл цулбуур, гурамсан чөдөр, наймаар гөрсөн суран ташуур зэргийг багтаан, сийлбэртэй модон гоёмсог хайрцагт хийж бэлтгэдэг байна.

