ӨМНӨГОВЬ: Хоёр өдөр 40 гаруй км явган алхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-02-08 10:03:59

Даланзадгад, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн явган алхалтын холбооноос "16 түмэн тэмээний баяр"-ыг тохиолдуулан хоёр өдрийн турш явган аяллыг зохион байгуулжээ.


Тус аяллыг 2024 оны хоёрдугаар сарын 2-3-ны өдөр зохион байгуулж, Өмнөговь аймгийн ЗДТГ, БОАЖГ дэмжин оролцсон байна.



Өмнөговь аймгийн явган алхалтын холбоог 2016 оноос үүсгэн байгуулж, одоогоор идэвхтэй алхдаг 30 гаруй гишүүнтэй.

Тус холбооноос тэмээний баярын үеэр "Түмэн тэмээний алхалт"-ыг зохион байгуулж, Улаанбаатар хотын есөн дүүрэг, Увс, Эрдэнэт аймгийн явган алхалтын холбооны төлөөлөл гээд 45 хүн хүрэлцэн ирж нийтдээ 70 гаруй хүмүүс явган аялал хийжээ.


Өмнөговь аймгийн явган алхалтын холбооны тэргүүн С.Батдэлгэр:


-Энэхүү үйл ажиллагааны хүрээнд бид хоёрдугаар сарын 2-3-ны өдөр явган алхсан. Эхний өдрөө Даланзадгад сумын төвд Далангийн голоос эхлэн сумын хөгжил дэвшлийг зочдодоо танилцуулан тэмээний баярт хүрэлцэн очсон. Харин хоёр дахь өдрөө зүүн сайхан ууланд явган алхлаа. Зүүн сайхан уулын шатын амнаас цаашаа далайн түвшнээс дээш 2590 метрийн өндөрт буй “Аяга арц” хэмээх онцгой тогтоцтой газар хүртэл 20 гаруй км газар алхсан.

Манай Өмнөговь явган алхалтын стандартад нийцсэн замтай анхны аймаг юм. Гадны хэл мэдэхгүй ямар ч хүн ирсэн зориулалтын тэмдэг тэмдэглэгээг хараад ойлгоод алхчихна. Мөн ууланд явган алхах замыг хийж байгаа. Алхалтын хамгийн чухал ач холбогдол нь хүний эрүүл байхын үндэс. Япон, Солонгосын эрдэмтэд судалгаа шинжилгээг их нарийн судалсан байдаг. Алхахад өвчний 90 хувь нь эдгэрдэг гэсэн. Тэгэхээр өдөр бүр тогтмол алхах нь үр дүнтэй. Өнөөдрийн алхалтад ахмад насныхан олноор хамрагдаж байна. Монголын явган алхалтын холбооны уриа "Алхалт үнэ цэнийг бүтээнэ" гэдэг. Энэ спорт бол бүх насныхан хамрагдаж эрүүлжих боломжтой гэдгээрээ хамгийн их онцлогтой юм.

 

Холбоотой мэдээ