БУЛГАН: Төрийн үйлчилгээнээс бусад салбарт 250 орон тоо дутуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-13 13:58:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт одоогийн байдлаар төрийн үйлчилгээнээс бусад салбарт 250 орон тоо сул байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ. Өнгөрсөн сарын байдлаар есөн агентлаг, 14 суманд төрийн захиргааны 99 орон тоо сул байна. Мөн Эрүүл мэндийн салбарт 60 гаруй эмч, эмнэлгийн ажилтан шаардлагатай байгаа аж. Боловсролын байгууллагуудад 25 үндсэн, долоон түр орон тооны багшийн ажлын байр сул байна.

          Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагай:

       - Одоогоор аймгийн хэмжээнд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, дэд бүтцийн салбарт мэргэжилтэй хүний нөөцийн хангалт дутагдалтай байна. Нийгмийн ажилтан, сэтгүүлч, мэдээлэл технологийн ажилтан, их эмч, сувилагч, малын эмч, эдийн засагч, нягтлан бодогч, мэргэжлийн багш нарын эрэлт хэрэгцээ их байна. Орон нутагт ялангуяа суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа төдийлөн сайн биш байгаагаас шалтгаалан орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөц буурсаар байна гэж ярилаа.

Холбоотой мэдээ