Бэлчээрийн малын сүүгээр хийсэн “Сарлаг” багц эрэлт ихтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-18 15:29:20

Завхан /МОНЦАМЭ/. Идэр сум “Сарлаг” багцыг сумынхаа брэнд бүтээгдэхүүнээр зарлаж, худалдаанд гаргаад байна гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Тус сум нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 12.8 мянган толгой үхэр тоолуулж аймагтаа тавдугаар байрт оржээ. Ихэвчлэн сарлаг үхрийн сүрэгтэй. Тиймээс сарлагийн сүүнээс гаргасан шимийн архи, шар тос, ээзгий, ааруул, шар тостой еэвэн, жимсний чанамал зэрэг бүтээгдэхүүнийг сумандаа үйлдвэрлэж багц болгон худалдаанд гаргаад буй. “Анхил дөрвөн баатар” ХХК-аас үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гарган сумын брэнд бүтээгдэхүүн хэмээн батлаад байна. 

Мөн “Сарлаг” багцын сав баглаа боодлын сонгон шалгаруулалтыг явуулж, шалгарсан иргэнд сум хөгжүүлэх сангаас 10.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Сарлаг багц ч худалдаанд шинэ савлагаа боодолтойгоор гарч эхэлснээр эрэлт ихтэй, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр хэд хэдэн удаа шалгарлаа. Улаанбаатар хотод болсон “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны үеэр хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн байсан. Борлуулалтыг ч чамгүй хийсэн, цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахыг зорьж байгаа гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Сарлагийн цөм сүрэгтэй болжээ

Идэр сум мал сүргийн бүтцийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн үйл ажиллагааг явуулсан.

“Гэгээн нутаг арвин сүрэг” ХХК-тай хамтран аймгийн Цөм сүргээс 43 хуц, 30 ухна худалдан авч малчдад сүргийн бүтцийг сайжруулахаар тарааж өгөөд байна. 900 сарлагт үзлэг ангилалт хийснээр суманд цөм сүрэгтэй болоод байгаа. Мөн мал хөнгөлөх дэвшилтэт технологи болох битүү засах аргыг нэвтрүүлээд байна. Түүнчлэн АДРА олон улсын байгууллагын дэмжлэг, төслөөр сүүний үйлдвэртэй болсон. Бэлчээрийн малын сүүгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Сүүний цех нь малчдаас 1500-2000 төгрөгөөр сүүг нь худалдан авч үйлдвэрлэлийн аргаар боловсруулж эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байгаа. Тухайлбал бэлчээрийн малын сүүг хүнсний технологичийн зааврын дагуу боловсруулж эрүүл ахуйн шаардлага хангасан пакетласан сүү, тараг, цөцгий масло, зөөхий, аарц, ааруул, шар тос зэрэг 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа. Суманд 5-7 хүний ажлын байрыг бий болгоод байна гэж Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ