Баруун бүсийн даншиг наадам Ховд аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-04 10:38:43

Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн даншиг наадмыг наймдугаар сарын 6-9-ний өдөр Ховд аймагт зохион байгуулахаар болжээ.

Энэ нь олон тэмдэглэлт ойн хүрээнд үндэсний спортыг хөгжүүлэх, өв уламжлалыг залуу үeийнхэнд сурталчлах,  бөхчүүд, харваачдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох зорилготой аж. 

Коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор Үндэсний бөхийн барилдаан болон сурын харвааг Ховд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчгүйгээр зохион байгуулна. 

Тодруулбал, наймдугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагт аймаг, цэргийн цолтны эрэмбэд тооцох 128 бөхийн барилдаан болох аж. 

Мөн наймдугаар сарын 9-нд улс, аймаг, цэргийн болон сумын цолтон, залуу бөхийн барилдаан нээлттэй зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Харин урианхай болон үндэсний сурын харваа наймдугаар сарын 6-8-ны өдөр тусгай хөтөлбөр, удирдамжийн дагуу өрнөнө. 

Түүнчлэн хурдан морины уралдаан нь  Ховд аймгийн Буянт сумын нутаг “Цалуугийн дэнж” гэх газарт наймдугаар сарын 6-8-ны өдөр зохион байгуулагдана. 

Одоогоор уралдаанч хүүхдийн бүртгэл болон бусад  холбогдох бэлтгэл ажлыг хийж байна.  



Холбоотой мэдээ