Завхан аймаг сар бүрийн 1-ний өдрийг Хүүхдээ сонсох өдөр болгожээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-09-09 18:10:45

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тогтоолоор сар бүрийн 1-ний өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарлажээ.

Аймгийн төрийн байгууллагууд хэддүгээр сарын эхний өдрийн хэдэн цагаас хүүхдээ сонсох тухайгаа хуваарь гаргаж төлөвлөж эхэлжээ. Энэ өдөр тэдний эрх, үзэл бодол, санал хүсэлт, шүүмжлэлийг хүндэтгэн хүлээн авч харилцан ярилцдаг өдөр болгох аж. Хүүхдээ сонсох өдөр нь тухайн хичээлийн жилийн турш буюу 9 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл үргэлжлэх юм байна. 

Сарын эхний өдөр амралтын өдөр тохиовол дараа долоо хоногийн даваа гарагт шилжүүлж заавал хүүхдээ сонсох ажээ. Завханы Хүүхдийн төлөө зөвлөлийг аймгийн Засаг дарга ахалдаг бөгөөд дээрх тогтоолыг  2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэн гаргажээ. Дашрамд дуулгахад, хүүхдээ сонсох өдрийн хамгийн эхний уулзалтыг Өсвөрийн улаан загалмайн бүлгэмийн суралцагчдын төлөөлөлтэй уулзаж эхлүүлсэн байна. Тэд аймгийн Засаг дарга Д.Батсайхантай уулзаж бүлгэмийнхээ 2018 онд хүүхэд залуучуудын чиглэлээр хийсэн ажлын талаараа товч мэдээлж цаашид хийх ажлаа танилцуулж хэд хэдэн ажлыг хамтран хийж хэрэгжүүлэхээр болжээ. Түүнчлэн Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвөөс сар бүрийн 1-ний өдөр 15.00-17.00 цаг хүртэл хүүхдүүдийн санал хүсэлтийг хүлээн авч байхаар болсон тухайгаа зарлажээ.

 

Холбоотой мэдээ