Худалдан авах ажиллагааны мэдээллийн хүртээмж муу байна гэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-08 21:06:21

Завхан/МОНЦАМЭ/. Орон нутаг дахь худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, явцын талаарх судалгааг ЗА БАГАНА ТББ хийж мэдээллийн шуурхай, ил тод байдал нэн хангалтгүй хэмээн дүгнэжээ.
Учир нь аймгийн хэмжээнд өдөр тутмын зарын сонин байдаггүй, айлуудын ихэнх хувь нь DDH буюу сансрын антенаар телевизээ хүлээн авч үздэг, интернетийн хүртээмж бага байгаа зэрэг шалтгаануудын үүднээс тендэрийн талаарх мэдээллийн хүртээмж муу байна. Иймээс тендэр зарлагдахад оролцогчид, санал хүргүүлэгчид хангалтгүй хэмжээнд байна гэж үзэж байгаа ажээ. Мөн заавал өдөр тутмын сонинд тендэрийн зарыг зарладаг бөгөөд тус өдөр тутмын сонины аймгийн хэмжээн дэхь захиалга нь дөнгөж 10-18 ширхэг байдаг байна. Тиймээс төслөөс орон нутгийн төсвийн хөрөнгөөр мэдээллийн системийг сайжруулах, сайтын хандалтыг нэмэх, орон нутгийн хүртээмжтэй сонинд мэдээллийг түгээх, орон нутгийн телевизийн сувгийг кабель ба DDH буюу сансрын антениар телевизээ хүлээн авч үздэг болгох үүднээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэх мэт арга хэмжээг авч ажиллаж болох юм гэсэн саналыг өгчээ. Түүнчлэн  иргэдийн хяналт тавих боломжийг хангах үүднээс мөн л мэдээллийн тогтолцоо, хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй хэмээн зөвлөмж гаргажээ.   

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ