Улиастай сум энэ онд 150 иргэнд шинээр газар олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/.Улиастай сум газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 1997-2015 он хүртэлх хугацаанд олгогдсон өмчлөлийн 3812, эзэмшлийн 1837 нэгж талбарыг лэнд менежер программд оруулж цахим архив бүрдүүлжээ.
Үүнээс эрх зүйн харилцаа үүссэн 5649 нэгж талбараас 4558 нэгж талбарын цаасан хувийн хэргийг бүрдүүлэх ажлыг хийжээ. Мөн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудаас 230 гаруй санал авч боловсруулан сумын ИТХ-ын хуралдаанаар баталж www.uliastai.mn вэб сайтад байршуулжээ. Сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүссэн 39, бусдад шилжүүлэхийг хүссэн 24, хугацаа сунгах 9, талбайн хэмжээ өөрчлөх зургаа, 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хоёр багт 150 иргэнд шинээр газар олгож нийт 235 иргэний өргөдлийг шийдвэрлэжээ.
Мөн сумын гудамж талбайн нэршлийг ИТХ- ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Өнөөдрийн байдлаар зургаан багийн 34 гудамж талбайг нэршилтэй болгожээ. Тухайлбал МУИС-ийн доод хэсгийг Дилов хутагт Жамсранжавын гудамж, Ногоочдын хэсэг, Баатар Зээлийн хэсэг гэгчлэн нэрлэхээр болжээ.
Б.Мягмарсүрэн