ӨМНӨГОВЬ: Энэ сарын 20-ноос хүйтний эрч эрс чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-02-17 14:02:57

Даланзадгад, 2026 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн нийт нутгаар энэ сарын 20-ны өдрөөс цаг агаар эрс хүйтрэхийг ОБГ-аас анхаарууллаа.


ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр сар шинийн амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхитай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.


Тиймээс иргэд, малчид, тээвэрчид цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг авч, аюулгүй байдлаа хангах, хол ойр явж золгохдоо машиныхаа бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгаж, бензин шатахууны нөөцтэй зорчихыг анхаарууллаа.


Мөн бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт хүмүүсийг малд явуулахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Холбоотой мэдээ