ӨМНӨГОВЬ: Малчин Э.Эрдэнэтулга тэмээн сүргийг голлон өсгөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-02-16 13:56:19

Даланзадгад, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын Оны шилдэг хөдөө аж ахуйн алдартан”-аар малчин Э.Эрдэнэтулга тодорсон юм.

 

Тэрээр 2000 оноос эхлэн мал аж ахуйн салбарт тасралтгүй 20 гаруй жил хөдөлмөрлөж малыг таван төрөлтөөр нь өсгөн үржүүлж, ялангуяа тэмээн сүргийг түлхүү өсгөн бойжуулж, ашиг шимийг нэмэгдүүлэн ажиллаж ирсэн туршлагатай малчин юм.

 

Тэмээний ноос, сүү, махны чиглэлээр ашиг шимийг нэмэгдүүлэх, хаврын улиралд ботго хорогдолгүй бойжуулах арга туршлагыг нутагшуулан хэрэгжүүлж байна.

 

Мал сүргийг тогтмол вакцинжуулж, хашаа хороог ариутган, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлыг бүрэн хэрэгжүүлдэг нь мал аж ахуйн тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулжээ.

 

Малчин Э.Эрдэнэтулга 2025 онд нийт 403 тэмээ, 65 адуу, 10 үхэр  нийт 478 мал тоолуулж, жилдээ 18.8 тн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сум орон нутгийн иргэдэд үйлчилдэг.

  

Оны шилдэг хөдөө аж ахуйн алдартан” малчин Э.Эрдэнэтулга:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тэмээчин, 25 жил тэмээ маллаж байна. Манайх ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээг өсгөн үржүүлж ирсэн уламжлалтай. Энэ үүлдрийн тэмээн сүргийн гол цөмийг миний аав, ээж олон жил маллаж, үндэс суурийг нь тавьсан юм.


Мөн миний хадам аав Мандал-Овоо сумын Д.Дагжав нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, нэр хүндтэй тэмээчин хүн. Бид ахмад үеийнхнийхээ хөдөлмөр зүтгэлийг өвлөн авч, удам дамжуулан маллаж байгаадаа их бахархалтай байдаг.


Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх чиглэлээр орон нутгаас онцгойлон анхаарч, тодорхой бодлого хэрэгжүүлэн ботгонд мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Манайх 2006 онд “Мөнгөн ботго”-ны эзэн болж байсан.

Мөн 2017 онд сумын аварга малчин, 2019 онд аймгийн аварга малчин болж, 2020 онд “Алтан төл”-ийн эзэн болсон нь миний хамгийн их хүсэн хүлээж байсан, бахархалт шагнал байлаа. Тэр жил манайх 93 ботго бойжуулсан юм.

Харин энэ жил Даланзадгад сумынхаа “Оны шилдэг хөдөө аж ахуйн алдартан”-аар шалгарсандаа их баяртай байна.


Холбоотой мэдээ