ЗАВХАН: Усыг дээдэлж хамгаалах уламжлалт аргаасаа суралцахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-02-02 14:41:44

Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхий нийтээр “Ус намгархаг газрын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.


Монгол Улс 1998 онд Рамсарын конвенц буюу “Ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц”-д нэгдсэн билээ. Энэ жил “Ус намгархаг газрын өдөр”-ийг “Намгархаг газар ба уламжлалт мэдлэг: Соёлын өвийг дээдлэх нь” уриан дор тэмдэглэж байна.


Орон нутгийн иргэдийн үе дамжин ирсэн мэдлэг, зан заншил, амьдралын хэв маяг нь ус намгархаг газрыг хамгаалах, тогтвортой ашиглахад чухал үүрэг гүйцэтгэснийг энэ удаагийн уриа онцолж байна. Өөрөөр хэлбэл, байгальтай зохицон амьдрах уламжлалт ухаан нь орчин үеийн шинжлэх ухаантай зөрчилдөхгүй, харин бие биеэ нөхдөг гэдгийг сануулж буй юм. Монгол Улс Рамсарын конвенцод нэгдсэнээс хойш 11 ус, намгархаг газрыг олон улсын ач холбогдол бүхий “Рамсарын жагсаалт”-д бүртгүүлжээ.


Хяргас нуур-Завхан голын сав газрын хэмжээнд Рамсарын конвенцид бүртгэлтэй нэг нуур байдаг бөгөөд энэ нь Увс аймгийн Завхан сумын нутагт орших Айраг нуур юм.


Айраг нуурын ус, намгархаг газар нь Монгол орны баруун хязгаарт Улаанбаатар хотоос 1300 км, Увс аймгийн төв Улаангом хотоос зүүн урагш 150 км зайд, Ховд аймгийн Ховд хотоос зүүн хойд зүгт 150км зайд оршдог.  Их нууруудын хотгорын цэнгэг уст нууруудын төлөөлөл болох Айраг нуур нь Хяргас нуурын хотгорт орших хамгийн том цэнгэг уст нуур юм. Баруун талаараа Монгол Алтай, хойд талаараа Сажаны нуруу, зүүн талаараа Хангайн нуруу, өмнө талаараа Говь-Алтайн нуруугаар хүрээлэгдсэн.


Айраг нуурын ус, намгархаг газар нь Их нууруудын хотгорт байрлах гүехэн нууруудын том төлөөлөл төдийгүй олон улсын хэмжээнд ховордлын зэрэгт багтсан олон зүйл шувууд үүрлэх, өндөглөх, нүүдлийн үедээ бууж амрах, зусах таатай орчин болдог.  Айраг нуурт жилд дунджаар 20,000 гаруй усны шувууд үүрлэж, өндөглөн зусдаг.


Мөн олон улсын хувьд ховордсон хөхтөн амьтад, өвөрмөц ургамлын зүйлүүдтэй төдийгүй Баруун Монголын эндемик зүйл загас бүртгэгдсэн байдаг онцлогтой. Рамсарын конвенцын нийт 9 шалгуураас I, II, III, IV гэсэн дөрвөн шалгуурыг хангадаг. Иймээс Айраг нуурын ус, намгархаг газрыг Рамсарын конвенцын хавсралт жагсаалтанд 1999 оны 4 дүгээр сарын 06-нд  албан ёсоор бүртгэсэн гэж Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.


Улиастай сумын Жинст багийн иргэн Ц.Бамбадорж:  Усыг дээдэлж хамгаалах уламжлалт аргаасаа суралцаасай

 гэж залуу үеийнхэндээ хэлмээр байна



-Монгол хүний усаа хайрлан хамгаалдаг ёс уламжлалаас хэлж өгнө үү?

-Монголчууд “уусан ус рашаан, унасан шороо алт” гэж үр хойчоо сургаж хүмүүжүүлдэг байсан. Ус бол хөрст дэлхийн амин судас, хүн төрөлхтөн, амьд амьтны амин тэжээл болдог. Өвөг дээдсийн маань оюун ухаан ус мөрнөө хайрлаж гамнан ашигладаг зохицол нь одоо ч гэсэн үргэлжлээсэй гэж бодох юм.

Ер нь лус савдаг, байгаль дэлхийгээс заавал гуйж хүртдэг ёстой юм шүү дээ. Монголчууд “урсгал ус өмхийрдөггүй” бат ёсыг тодорхой эзэмшиж, энэхүү агуу чанараар алс ирээдүй, үр хойчоо “урсгал ус мэт өнөд ширгэшгүй хэмээн тунгалаг болтугай” гэж ерөөн бэлгэддэг байсан юм билээ.


Тухайлбал, “Халх журам” хуульд: -Улс дунд түймэр шатваас аль ойрх улс зартай заргүй унтраа. Зар сонсож байж ноён хүн эс мордвоос морь ав, сайдаас үхэр ав, энгийн улсаас хонь ав. Хэн хүн таарсан нутгийнхаа галыг унтраа, эс унтрааваас шүдлэн морь авч бай гэх зэргээр ерөнхийлсөн байдлаар бус тун нарийвчлан нэгд нэгэнгүй зааж өгсөн байдаг. Мөн мод, усандаа хандаж харьцах зан үйл нь байгалиа энэрэн хүндэтгэж ирсэн уламжлалын нэг хэсэг юм. Тухайлбал, Монголын говь цөлийн хэсэгт нутагладаг ардууд заг, хайлаас, сухай модыг эрхэмлэн хүндэтгэдэг байсан бол хангай нутгийнхан бургас, хус, хуш, арц ганга, яргай зэргийг илүү хүндэтгэн хайрладаг байжээ. Энэ нь мод бол усны эх үндэс гэх ухааныг сургаж байгаа хэлбэр юм шүү дээ.


Монголчууд таван хошуу малаа маллаж, бэлчээр ус дагаж нүүдэллэж явахдаа дөрвөн улирлын буудал суудал, хашаа саравч төвхнүүлэхдээ гол мөрөн, урсгал ус, булаг шанд, худаг усны доор талд байрлахыг журамлан гүйцэтгэдэг заншилтай юм.


-Хүүхдүүдийг гол усанд ойртуулдаггүй, цээрлэдэг байсан гэж сонссон. Энэ талаар та дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?

-Тэгэлгүй яахав. Нялх хүүхэд гол мөрөн, урсгал ус, булаг шанд, худаг шагайхыг цээрлэж, хүүхэд өөрөөсөө айж, цочно гэдэг.

Ховоогоор ус татаж байх үед хүүхэд багачуудыг худгийн ойрхон ирүүлэхгүй, ховооны оосорт татагдана хэмээдэг байсан. Хүүхэд бага учир гол усанд эндэх вий гэж л болгоомжлохдоо л ингэж хэлдэг байж.

Ээжээс төрөхдөө би нүцгэн төрсөн ээжийн сүү татарч би хоолгүй боллоо гээд байгаль эхээс ус эхээсээ гуйж хүртэе гэж гуйж авдаг ёстой юм шүү дээ.


Үүнээс гадна томчууд, хүүхэд багачуул эрэгтэй эмэгтэй ялгалгүй бүгд гол мөрөн, урсгал ус, булаг шанд, худгийн усанд нус шүлсээ хийхийг цээрлэж, лусын эзэн хилэгнэнэ гэж үздэг. Гол мөрөн, урсгал ус, булаг шандад орж бие угаах, хөл угаах, хиртэй хувцас хунар угаахыг цээрлэдэг. Ойр хавьд нь бие засах зэргийг ч цээрлэж, лусын эзэн гомдоно гэдэг. Ус голоо дээдлэх эдгээр ёс дүрэм одоо болтол монголчуудын дунд уламжлагдсаар байгаа юм. Бид уух усаа зөөж уудаг заншилтай. Энэ нь нүүдлийн мал аж ахуйн амьдралын шаардлагаас тогтоогдсон зүйл байж таарна. Нөгөө талаар уух усаа хэзээ ямагт хэмнэж гамнан зарж хэрэглэдэг сурталтай.


Зарим хүн энэ нь монголчууд усыг зөөж уудгаасаа шалтгаалсан байх гэдэг ч олонх хүн ус бол эрхэм нандин зүйл болохоор арвич гамтай хэрэглэх нь маш зүй ёстой үйл гэж үздэг билээ.


Эрт дээр үеэсээ худаг ус малтахдаа нутаг усныхаа нэр хүндтэй ахмад настнаас учир явдлаа ярьж, худаг малтах газраа шинжүүлээд малтдаг, харин дур зоргоороо худаг ус малтдаггүй заншилтай. Малтсан худаг усыг нь хэн ч хэрэглэж болдог. Ганцаараа эзэрхэж болдоггүй. Үүнд маш олон шинжлэх ухаанч ёс зүй агуулагдаж байгаа нь илхэн. Наад зах нь өвөг дээдэс минь усны эх сурвалжийг зүй зохистой нээж ашиглах ёс учрыг тунгаадаг байж шүү дээ. Байгаль эх гэдэг чинь эзэнтэй шүү дээ. Агаар, ус, цэцэг ургамал, чулуу гээд бүгд л эзэнтэй. Бид гуйж хэрэглэх ёстой гэсэн буурлуудын минь бор ухаан гэж энэ байгаа юм шүү дээ.

-Танд баярлалаа. 


Айраг нуур

Холбоотой мэдээ