ХОВД: Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах асуудлыг чухалчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-22 17:44:43

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн, хамгааллын газар энэ онд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахыг чухалчлан, олон ажил өрнүүлж байна.

   

Тус байгууллагад өнгөрсөн онд хүний эрхийг зөрчсөн тухай 300 гаруй гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд үүний 82.6 хувь нь хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой байв. Судалгаагаар уг гомдол, зөрчлийн 80 хувь нь гэр бүлийн орчинд гарсан болох нь тогтоогджээ. Иймд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах шаардлагатайг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн, хамгааллын газраас онцоллоо.


Тус байгууллага энэ сарын 21-нд “Хайр, хүндлэл харилцаа” сэдвээр сургалт зохион байгуулж, аймгийн төв буюу Жаргалант сумын 12 багийн иргэдийн төлөөллийг оролцууллаа. Сургалт нь гэр бүлийн үнэ цэн, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдэд сэтгэл зүйн боловсрол олгох, хорт зуршлын хэрэглээг багасгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, амьдралын эрүүл хэв маягийг сурталчлахад чиглэсэн юм.


Мөн хүүхэд бүр аюулгүй, халамжтай орчинд өсөх эрхтэй. Тус байгууллагын нийгмийн ажилтнууд саяхан Ховд аймгийн хэмжээнд эрсдэлт нөхцөлд байгаа зорилтот бүлгийн хүүхэд, гэр бүлд үнэлгээ хийж, судалгаа гаргав. Улмаар нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 17 сумын 150 өрхөд хүнсний багц, 60 хүүхдэд хувцас, хэрэгслийн тусламж үзүүлжээ.


Түүнчлэн Ховд аймгийн хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг тодорхойлох, гарц шийдлийг олох, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор уулзалт, хэлэлцүүлгийг өмнөх долоо хоногт зохион байгуулжээ.


Уулзалтад Ховд аймгийн 17 сумын нийгмийн бодлогын ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар, сумдын хамтарсан багийн гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл гээд нийт 120 хүн оролцож, туршлагаа солилцсон байна. Хүүхэд хамгааллын чиглэлээрх ажлууд цаашид тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу үргэлжлэх юм.

Холбоотой мэдээ