ХОВД: Жилд 7000-9000 хүн музейгээр үйлчлүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейг Галдан бошигт хааны нэрэмжит музей болсныг албан ёсоор зарлалаа.
Энэхүү шийдвэрийг Ховд аймгийн ИТХ 2024 онд гаргасан бөгөөд музейн үйл ажиллагааг өргөжүүлэх, Галдан бошигт хааны түүхэнд эзлэх байр суурь, ач холбогдлыг иргэд, жуулчдад сурталчлан таниулах, улмаар түүх, соёлын өвийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
1950 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Ховд аймгийн музейд өдгөө 3000 гаруй ховор үзмэр хадгалагдаж байна. Тус музей нь баруун Монголын түүх, соёл, олон угсаатны бүлгийн ёс заншлыг харуулсан томоохон төв гэдгээрээ онцлогтой.
Цаашид угсаатны соёл, түүхийн үнэт үзмэрүүдийг сурталчлахаас гадна Галдан бошигт хааны амьдрал, цэргийн болон төрийн мэргэн ухааныг олон нийтэд илүү тодорхой харуулсан шинэ үзэсгэлэн, танхимуудыг нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.
Галдан бошигт хааны түүх, үйл хэрэг нь тус нутгийн соёлын үнэт өв бөгөөд музейг түүний нэрэмжит болгох нь түүхээ дээдэлж, үнэлж буй нэгэн илэрхийлэл юм. Тус музейгээр жилд дунджаар 7000–9000 орчим хүн үйлчлүүлж, баруун бүсийн түүх, соёлын өвтэй танилцдаг байна.


