ХОВД: Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд 50 байгууллагын удирдлага хуваарийн дагуу ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-13 17:40:09

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймагт төрийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд тусгай хуваарийн дагуу ажиллаж байна. 

Уг ажил өнгөрсөн оноос эхэлсэн бөгөөд энэ онд үргэлжлүүлэн иргэдийн саналыг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхээр болжээ.

Энэ онд 50 байгууллагын удирдлага, мэргэжилтэн хуваарийн дагуу ажиллана. 

Өөрөөр хэлбэл, долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт 08:00-17:00 цагийн хооронд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж, төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох байгууллагад уламжлан үе шаттай шийдвэрлүүлэх юм. 

Мөн иргэд санал, хүсэлтээ 7743-1111 утсаар болон биечлэн ирж өгч болно.

Энэ ажил нь иргэдээс ирж буй санал хүсэлт, өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, иргэн болон төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд өнөөдөр Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Г.Оюунсүрэн ажиллаж, иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч байна.


Төрийн үйлчилгээний нэгдсэн төв Жаргалант сумын ЗДТГ-ын нэг давхарт байрладаг.  


Өнгөрсөн онд иргэд ихэвчлэн дэд бүтцийн шугам сүлжээ, халаалт дулаан хангамжийн доголдол, шатахууны нөөц, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, авто замын эвдрэл гэмтэл гэх мэт тулгамдаж буй асуудлаар 400 гаруй санал гомдол уламжилжээ.



Холбоотой мэдээ