ӨМНӨГОВЬ: Шатраар хичээллэсэн хүний далд ухамсар хөгжиж, сэтгэл зүйн дархлаа тогтдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-01-12 14:57:45

Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд шатрын спортыг мэргэжлийн түвшинд хүргэхэд тэргүүлэн оролцож байгаа ОУХМ, дасгалжуулагч Гантөмөрийн Оргилтой ярилцлаа. Он гарсаар Өмнөговь аймгаас ОУХМ гурав төрсөн юм.


-Шинэ оны анхны ярилцлагаа дэлхийн оюуны спорт болох шатрын талаар ярилцаж байгаадаа баяртай байна. Энэ спортод хөл тавьсан түүхэн замналаар ярилцлагаа эхэлье?

-Намайг Г.Оргил гэдэг. Өмнөговь аймгийн шатрын холбооны нарийн бичгийн даргын ажлыг хийдэг. Мөн “Даян хаан” шатрын клубийг хичээллүүлж, хүүхэд багачуудад шатрын спортыг зааж байна. Миний хувьд шатрыг анх зургаадугаар ангидаа ааваараа заалгаж сурч байсан бөгөөд түүнийг хожих зорилгыг л тухайн үедээ өөртөө тавьж байлаа. Энэ зорилгодоо хөтлөгдөн шатрын дугуйланд явж маш сайн багш таарч сурсан. Тэгээд наймдугаар ангидаа спортын дэд мастер цолыг хүртээд цаашдаа тамирчин байх замналаар нилээн явсан. Харин 2014 онд Өмнөговь аймагт ирж дасгалжуулагч хийснээс хойш шатарчдыг бэлтгэх ажилд шамдан ажиллаж байна.


-Мэргэжлийн тамирчин байх, дасгалжуулагч байх хоёр хэр ялгаатай вэ?

-Ялгаатай. Анхлан суралцаж байгаа шавь нартаа нэг хоёр нүүдлийг заана, гэтэл мэргэжлийн тоглолт бол 20-30 нүүдлийн төлөвлөгөөг боловсруулж, завсрын тактикийг судлаад нүүдлээ хийдэг. Тэгэхээр хөнгөн тоглолтыг байнга хийж шатарчдыг анхлан бэлтгэхэд тэр хэмнэлдээ орчихоод байдаг. Урт хугацааг бодож төлөвлөдөг норм алга болчихдог. Дасгалжуулагч мэргэжлийн тамирчин байна гэдэг тун хэцүү болдог. Тиймээс спортын замналаа орхих үүрэг хүлээдэг л дээ.




-Шатрын спорт нь дэлхийд оюун ухааны спорт гэдгээрээ үнэ цэнтэй. Монголчууд оюун ухаан, сэтгэх чадвараараа олон улсад тэргүүлдэг гэж ярьдаг?

-Тийм ээ. Энэтхэгт 10 сая хүн дотроос нэг авьяастай мэргэжлийн тамирчин төрнө  гэж үздэг. Монгол Улс харин хүн ам цөөн. Гэтэл гадны тэр олон хүнээс шигшиж гаргаж бэлтгэсэн авьяастнуудтай монгол хүүхдүүд тоглоод хожоод, хожигдоод л хангалттай өрсөлддөг. Ингээд харьцуулаад харахаар монголчуудын оюуны чадамж сайн байгааг харж болох юм. Тархи оюуныг тогтвортой байлгадаг цэвэр агаар, тэжээллэг хоол хүнс бүгд л нөлөөлдөг байх.


-Шатрын спортоор хичээлснээр ямар давуу, онцлог чадамжийг олж авч байна вэ?

-Шатрын спорт бол хүнийг маш олон чадамжид сургадаг. Тодруулбал, урьдчилан тооцоолох, төлөвлөх, далд ухамсраасаа зөв шийдвэрийг гаргах чадвар олгодог. Хүмүүс хөдөлгөөнтэй, сууж сураагүй, дэггүй хүүхдээ шатар сургах гэж авчирдаг. Шатрыг тодорхой хугацаанд суралцаад ирэхээр эерэг нөлөөллүүд гарч эхэлдэг. Тэд аливаад төвлөрч сурдаг, сууж сурдаг. Тухайн төвлөрсөн зүйлээ бодож, дүн шинжилгээг хийж зөв шийдвэрүүдийг гаргаж чадна. Дэлхий нийтээрээ энэ спортыг хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн буюу олимпиад болоход 196 орны шатарчин тогтмол оролцдог. Харин Монгол Улсын хувьд шатрын спорт үсрэнгүй хөгжсөн гэж боддог. Маш олон их мастер төрөн гарсан байдаг. Шийдвэр гаргах түвшний төрийн түшээд ч маш сайн дэмжиж хөгжүүлсэн. Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ерөнхий сайд өрөө байх жишээтэй. Тэд өөрсдөө ч маш сайн мэргэжлийн шатарчид. Монголчууд оюун ухаан, сэтгэх чадамжаараа үнэхээр тэргүүлдэг нь үнэн.




-Таны хувьд энэ спортоос ямар давуу талуудыг эзэмшиж чадсан бэ?

-Тэгэлгүй яахав. Энэ спортоос маш олон чадамжийг суралцсан. Арга зүй,техник гээд л. Үр өгөөжийг нь харамгүй хүртээд явж байна.


-Өмнөговь аймаг он гараад шатрын ОУХМ гурвыг төрүүлжээ. Орон нутагт энэ спорт хөгжих хөрс суурь хэр тавигдаж байна гэж та бодож байна?

-Өмнөговь аймгийн хувьд 2014 онд шатрын клубийг анх нээж байсан юм билээ. Түүнээс хойш 10 орчим жил хүүхдүүдийг тогтвортой бэлтгэж байсан бөгөөд тэр үед суралцаж байсан суралцагч миний шавь спортын дэд мастер Б.Халиун, С.Төгөлдөр нар маань амжилтад хүрсэн. Б.Халиуны хувьд өөрөө маш зүтгэлтэй, шатрын спортоороо тууштай хичээллэсний үр дүнд дэлхийн шатар сонирхогчдын дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан. Харин сая он гараад ОУХМ цолоо ийнхүү авсан. Манай шатрын холбоог анх 2015 онд байгуулж даргаар Доржпаламын Нацагдорж болж байсан юм. Энэ хүн шатрын спортыг хөгжүүлэхэд уйгагүй зүтгэсэн дээ. Хүүхдийнхээ хадгаламжийн мөнгийг зээлээд биднийг ОХУ руу тэмцээнд явуулж байлаа. Өмнөговь аймгийн шатрын холбооноос үнэхээр сонирхож мэргэжлийн хэмжээнд суралцах сонирхолтой хүүхдүүдийг бодлогоор дэмжин Улаанбаатар хотын шилдэг дасгалжуулагч нартай холбон дасгал бэлтгэлийг хийлгээд явж байгаа. Үүний үр дүнд мастерууд төрж байна.


-Шатрын спортоор хичээллэхэд техникийг нь сурчихсан байхад болдог уу? Эсвэл бусад спорт шиг байнгын бэлтгэл хэрэгтэй байдаг уу?

-Энэ спортод тогтмол бэлтгэл гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй. Бусдаас илүү ч байж магад. Шатрын спортыг их хатуу спорт гэж ярьдаг. Түрүү байрны төлөө тоглоод хожвол түрүүлэх гээд байдаг. Гэтэл хожигдвол 15 юмуу 20 дугаар байр луу шууд унадаг. Бүр мултардаг. Түрүү байрны төлөө тоглох гэж маш их хичээл зүтгэл, ухаан орно. Тэгээд тоглоод хожиж чадахгүй бол үсрэлттэй доошоо унана гэдэг үнэхээр хэцүү. Урьд нь авьяас байхад болоод байсан бол одоо дүрэм журам маш нарийн болсон. Тиймээс бэлтгэл нэн чухал. Нэг жишээ татаж хэлэхэд их мастер, Монгол Улсын шилдэг дасгалжуулагч Баярсайханы Гүндалай найман жилийн турш өдрийн арван цагийн бэлтгэлийг огт таслахгүй хийсэн гэдэг. Тэгж байж амжилтад хүрч байгаа юм. Бид бас л ингэж бэлддэг. Өдрийн цаг хүрэлцэхгүй байгаа юм шиг санагддаг. Шөнө зүүдэлж байх жишээтэй. Тэгэхээр тархийг бас л булчин гэж үзэж болно. Байнгын дасгал хийж байж хөгжинө.




-Насны хувьд ямар ялгаа гардаг вэ? Хүн нас ахихаар тархи амарч сэтгэх хурд багасдаг талаар зарим хүмүүс яриад байдаг л даа?

-Тийм биш. Бүр шинжлэх ухаанаар нотлогдсон жишээнүүд байдаг. Энэ спортоор хичээллэдэг хүмүүс хэзээ ч зөнөх гэдэг өвчин тусдаггүй. Манай ахмад шатарчид 75, 80, 90 настай. Тэд маань оюун ухаан сэргэг, хэлж ярьж байгаа нь мэргэн цэцэн тун гайхалтай. Шатарчдын ярианы нэг онцлог нь тэд шатрын нүүдэлтэйгээ хамт уран цэцээр ярьдаг. Нэг үгний цаана нэг агуулгатай үг байж байдаг. Манай Өмнөговь аймгийн хувьд нутгийн унаган хүү спортын мастер, аймгийн 24 удаагийн аварга Р.Гаадан гуай байна. Р.Гаадан гуай тухайн үед тойргоор 15 хүн тоглодог байхад 8-аас 8 оноо авч байсан. Энэ нь байж боломгүй том үзүүлэлт юм. Тийм амжилтыг гаргаж байсан хүн. Одоо 75 настай ч оюун ухаан цэлмэг, гүйж харайгаад хүүхдүүд дасгалжуулаад л явж байна. Тэгэхээр ямар ч ялгаа гарахгүй.




-Шатрын спортоор хичээллэхэд сэтгэл зүй их чухал байдаг байх?

-Маш чухал. Бид шатраа тоглож байхдаа олон нүүдлийн цадахыг төлөвлөж бодохоос гадна өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйг давхар судалж суудаг. Энэ хүн айж байна уу, догдолж байна уу гэдэг сэтгэл зүй нь хэр байгааг мэдэрч давхар уншиж тоглолтууд явагддаг. Тэгэхээр байнгын бэлтгэл хийж томоохон тоглолтуудад оролцож өрсөлдөгчөө унших чадварыг эзэмшээд ирэхээр нийгэмшлийн харилцаан дээр хүчирхэг болоод ирдэг. Тэгэхээр энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүд маш том нийгэмшлийг олж авдаг гэсэн үг юм.


-Оюун ухаан, санах ойг маш сайн хөгжүүлдгөөрөө энэ спорт үнэхээр гайхалтай юм?

-Бид өмнөх өдрийн тоглолтын нүүдлүүдээ бүгдийг нь цээжээр маш сайн санадаг. Хоорондоо тэр тоглолтын тийм нүүдлүүд зөв, буруу байсан талаар нэг бүрчлэн задлаад ярилцдаг. Бүр 10 жилийн өмнө тоглосон хүнтэйгээ таараад тоглож байсан өргөө ч санаад ярьж байдаг. Тийм гайхалтай, бүх өрөг цээжинд явдаг.


-Сүүлийн үед нийгмийн сэтгэл зүй тогтворгүй болж байгаа талаар судалгаа гарчээ. Тэгэхээр оюун ухааны спорт ялангуяа шатрын спортоор түлхүү хичээллэвэл эерэг нөлөөлөл их гарах байх даа?

-Энэ асуудал дээр тодорхой нөлөө үзүүлж чадна гэдэгт бат итгэлтэй байна. Яагаад залуус сэтгэл зүй тогтворгүй, гутралд ороод байна вэ гэхээр тэд ямар ч сэтгэл зүйн дархлаагүй болсон байна гэсэн үг. Харин шатрын спорт сэтгэл зүйн дархлааг суулгадаг. Хүүхэд сонирхож тоглохоос гадна хожигдож, хожиж сурна. Энэ болгонд сэтгэл зүйгээ удирдаж сурдаг. Ингээд ирэхээр жижиг сажиг асуудлууд сонин биш болж эхэлдэг. Зөв шийдлүүдийг гаргаж чадна. Ер нь манай шавь нар сургууль, найз нөхөд дундаа манлайлагч болсон байдаг. Яахав зарим тохиолдолд энэ спортоор хичээллэсэн хүүхэд эхний үе шатуудад шийдвэр гаргах тал дээр арай удаан бодож төлөвлөж байж зөв шийдлийг гаргах гээд байдаг тал байдаг. Гэхдээ шат ахиад илүү түвшинд хичээллээд ирэхээр маш хурдан хугацаанд бодож шийдэх чадварыг эзэмшдэг.


-Тэгэхээр энэ спортоор тууштай хичээлснээр сэтгэл зүй, бодол оюунаа бүрэн удирдаж сурах нь ээ?

-Ерөөсөө л тийм. Тэд үйл хөдлөл, үг ярианы чадамжийг суралцаж байдаг. Зарим тохиолдолд хариулт нь үгээр мадлах. Нэг жишээ ярихад би машинаа бариад хүүхдүүдээ аваад тэмцээн уралдаанд мөн ч олон явсан даа. Нэг удаа тэмцээндээ явж байгаад хөгжилдөөд хүүхдүүдээ цаашлуулаад зам дээр замын цагдаа зогсож байна харж байна уу, гэхдээ ухаантай хүнд л харагддаг юм байна гэлээ. Нөгөө хэд маань аль аль гээд л... Тэгсэн нэг нь багшаа хоёр цагдаа байна. Та нэгийг нь харж чадсангүй гэх жишээтэй. Энэ нь үгээр мад тавьж байгаа юм. Тэгэхээр хоёр цагдаа байхад би арай ухаан муутай байж таараад нэгийг нь дутуу харчихаж байгаа юм л даа. Тэмцээн уралдаан болгоноос сэтгэл зүйн цохилтод орно. Түүнийгээ даван туулна. Амьдралд алдаа оноо тоймгүй их. Харин энэ бүхэнд шатрын спортоор хичээллэсэн хүүхдүүдийн 80-аас дээш хувь нь хатуужилтай зөв шийдвэрийг гаргаж чадахаар болсон байдаг.




-Өмнөговь аймгийн хэмжээнд шатрын спортоор хүүхдүүдийг сургаж байгаа хэр олон клуб байгаа вэ?

-Хэд хэдэн клуб бий. Ер нь бол хамгийн анхны клуб бол Р.Гаадан багшийнх. Миний хувьд “Даян хаан” клубийг 2014 онд эхлүүлсэн. Тухайн үед тэмцээн уралдаан стандартын дагуу зохион байгуулдаггүй байсан. Тэр зүйлийг эмх цэгцэд оруулах ажилд миний бие анхаарч ажиллан олон улсын стандартад дүйцүүлж чадсан. Энэ ажлын нөлөөгөөр шатарчдын тоо эрс нэмэгдэж ирсэн. Клубууд ч шинээр нээгдэж эхэлсэн юм.


Спортын дэд мастер Б.Дүгэрсүрэн ах “Хөх Монгол” клуб, “Холбоо хүү” клуб, улсын шүүгч Г.Нармандахын "Хан тахь" клуб, манай шавь Б.Халиун маань мөн хичээллүүлж байна. Цаашид нэмж клуб байгуулъя гэсэн саналтай хүмүүс зөндөө байна. Өмнөговь аймагт шатрын спортыг хөгжүүлэхэд тусалж дэмждэг хүмүүс их олон. Анх 2014 онд аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуулахад “Говийн өгөөж” ХХК-ийн захирал Б.Амгаланбаатар ах, А.Нарандэлгэр эгч хоёр маань ивээн тэтгэж эхлээд өдгөө 12 дахь жилдээ болж байна. Мөн орон нутгийн үе үеийн удирдлагууд шатрын спортыг хүндэтгэн дэмждэг. Жил бүр аймаг, сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг ИТХ-ын нэрэмжит, ивээл дор зохион байгуулдаг болсон.


-Шатар нь дэлхийн спорт хэдий монгол ахуйд их ойр санагдаад байдаг. Тэмээ, тэрэг, хатан, ноён гээд л. Мөн эртний кинонууд дээр ч хаад ноёд шатрыг их тоглож байгаа харагддаг?

-Монгол шатар гэж тусдаа байдаг. Дэлхий нийтийн энэ шатраас арай өөр урамтай шатар, урамгүй шатар гэж бий. Тухайн жил өнтэй сайхан бол урамтай шатраар тоглодог. Харин зудтай тааруу жил бол урамгүй шатраар тоглодог байжээ. Тэр нь эхлээд бэрсээр нүүгээд ноён шиг болдог. Монгол хүн мориор мадалдаггүй гэх зэрэг дүрэм арай өөр. Бэрс гэдэг нь хатан гэсэн үг биш юм билээ. Харин газрын хүчтэн амьтан байсан хэмээжээ. Тухайн амьтны олдвор нь Монголоос олдоод хөшөөг нь хүртэл хийгээд музейд байршуулсан байдаг. Тиймээс тэр амьтнаараа жишиж явж байсан шатар бол эртний түүхтэй  

Монголчуудаас гаралтай гэж ч үздэг. Үүнийг батлах олдворууд ч олдсоор байгаа. Яахав Энэтхэгээс гаралтай гэж дэлхий нийт одоогоор үзэж байгаа. Монголчууд нүүдэлчин ард түмэн учраас тэр бүр уулзаж чаддаггүй. Нэг уулзахаараа шатар тоглож хол ойрын сонин дэлгэж маш удаанаар суудаг байсан гэдэг. Мөн шатрыг үхлээс хэлтрүүлэгч хэмээн ярьдаг. Эрлэгийн илч ирээд таны нас болжээ явъя гэхэд шатар нүүчихээд явъя гээд зөвшөөрүүлдэг. Харин өвгөн нүүдлээ хийлгүй бодоод суусаар эрлэгийн илч хүлээж тэсэлгүй явж амь гарсан тухай үлгэр домогт гардаг. Энэ нь сайн бодож шийдвэл бүх аюулаас гэтэлнэ гэсэн санааг л илэрхийлж байгаа юм.

Энэ мэт тоглоом наадгайдаа монгол ухаан өв соёлоо шингээж байж. Яахав дэлхий нийт нийтийн шатраар хөгжөөд байгаа учраас олны жишгээ дагахаас өөр аргагүй. Монголд нийтийн шатрыг анх хөгжүүлсэн хүн бол Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Санжаажамц гэж хүн байжээ. Тухайн хошууны ноён хүн байсан. Тэгэхээр нийтийн шатар Өмнөговь аймгаас гаралтай ч гэж ярьдаг. Ер нь Монголын хаад ноёд их шатар тоглодог байсан. Шатар тоглоод их ухаантай болчихвол дийлдэхгүй болно гэж үзээд ардуудыг тоглохыг хориглодог байсан гэж сонссон. Энэ үнэний ортой байх гэж боддог. Манай клубийн нэр “Даян хаан” нэртэй. Монгол төрийг дайн байлдаангүй 40 гаруй жил барьсан Батмөнх даян цэцэн хаан бол шатарт маш дуртай мэргэн ухаантай хүн байсан. Энэ нь шатрын нөлөө байсан байх гэж боддог. Ер нь хараад байхад одоо ч манай төрийн түшээд үе үеийн ерөнхий сайд нар шатар тоглодог. Бүр маш сайн мэргэжлийн хэмжээнд тоглодог.


-Оюун ухааны спорт болох шатрын спортын эргэн тойронд сонирхолтой ярилцлагыг хүргэсэн танд маш их баярлалаа.

-Баярлалаа. Монголчууд оюун ухаан, сэтгэн бодох чадварын хувьд чадамж маш өндөр хүмүүс тул энэ спорт илүү хөгжинө гэж боддог. Өмнөговь аймгийнхаа хэмжээнд олон олон гоц авьяастныг төрүүлэх ажилд шамдан ажиллах болно. Дэмжиж тусалдаг та бүхэндээ нийт шавь нарынхаа өмнөөс талархал илэрхийлье.

 

Холбоотой мэдээ