ХОВД: Эрчим хүчний дэд станцын өргөтгөл шинэчлэл хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд дэд станцын өргөтгөл шинэчлэлийн зураг төслийг хийж байна.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг даргын орлогч М.Баярт нар энэ сарын 7-нд Ховд дэд станцын өргөтгөл шинэчлэл, аймгийн төв доторх цахилгаан хангамжийн асуудлаар холбогдох төлөөллүүдтэй уулзлаа.
Уулзалтад "Ховд цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн захирал С.Гантөмөр, Жэй Ди Эй ХХК-ийн захирал Б.Пүрэвсүрэн нар оролцож мэдээлэл солилцов.
Ховд аймгийн төвийн хэрэглэгчдийн 50 хувийг эрчим хүчээр хангаж байгаа 35/6 кВт Ховд дэд станцын өргөтгөл шинэчлэл, мөн аймгийн төвийн доторх цахилгаан хангамж болох 6 кВт цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүрэн шинэчлэх, хүчдэлийн түвшнийг 10 кВт-руу шилжүүлэх эрчим хүчний зураг төслийн ажлыг "Жэй Ди Эй" ХХК гүйцэтгэж буй.
Уулзалтаар одоо байгаа 6300 кВт-ын хоёр трансформаторыг 16000 кВт-ын хоёр трансформатораар солих, мөн цаг уурын допплерын радарын ажиглалтын станцыг цахилгаан эрчим хүчээр хангах, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн өргөтгөлийн барилгыг Ховд дэд станцаас цахилгаан эрчим хүчээр хангах зураг төсөв боловсруулах ажилд анхаарал хандуулахыг ИТХ-ын дарга З.Эрхбаяр үүрэг болголоо.
Ховд дэд станц нь ашиглалтын шаардлага хангахгүй, ачаалал дийлэхгүй болсон. Иймээс өргөтгөл, шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлага үүссэн юм.
Тус станцын өргөтгөл, шинэчлэл хийснээр аймгийн төвийн цахилгаан эрчим хүчний хангамж сайжрах, айлууд болон үйлдвэржилтийн өсөн нэмэгдэх хэрэгцээг найдвартай хангах зэрэг давуу тал бүрдэнэ гэдгийг ИТХ-аас танилцуулав.

Улаанбаатар