ӨМНӨГОВЬ: Орон нутгийн анхны бондыг хөрөнгийн зах зээлд арилжина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-01-08 17:25:59

Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг анх удаа бие даан 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж Даланзадгад суманд барих 50 МВт цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

 

Тэгвэл энэ сарын 8-ны өдрийн санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар Өмнөговь аймгийн бондыг Хөрөнгийн биржээр арилжих асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Даланзадгад суманд 50МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээлд арилжих эрхийг Өмнөговь аймгийн Засаг даргад олгосон юм.

 

Тус бондыг 2026-2028 онд дотоодын зах зээлд олон нийтэд санал болгох замаар хэсэгчлэн гаргаж, 2026 онд 150 тэрбум төгрөг, 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөгийг тус тус татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

 

Энэхүү орон нутгийн анхны бонд нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд тусгагдсан томоохон дэд бүтцийн төслийг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн чухал алхам болж байгаа юм.

 

Мөн бүс нутгийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх, суурь дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг бий болгох замаар улсын болон орон нутгийн эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.


 

Холбоотой мэдээ