ӨМНӨГОВЬ: Дурангийн оношилгоонд суурилсан нүүдлийн эмнэлэгтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг энэ оныхоо төсвийн 30 хувийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа юм.
“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд “Нүүдлийн эмнэлэг”-ийг орон нутгийн
хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн аймгийн Эрүүл мэндийн газарт энэ сарын 1-ний
өдөр хүлээлгэн өглөө.
Тус
нүүдлийн эмнэлэг нь дурангийн оношилгоонд суурилсан бөгөөд дотрын үзлэг
оношилгооны хэсэг, хэвлийн болон бамбайн эхо, зүрхний цахилгаан бичлэг, уушгины
багтаамж үзэх, эмэгтэйчүүдийн үзлэг эхо, эмэгтэйчүүдийн хавдрын эрт илрүүлэг
оношилгоо, жирэмсний хяналтын үзлэг шинжилгээ, ходоодны дуран оношилгооны хэсэг,
унтуулгатай болон унтуулгагүй ходоод дурандах, эд эсийн шинжилгээ авах, нүдний
үзлэг оношилгооны хэсэгтэй бөгөөд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан лифттэй.
Мөн
старлинк төхөөрөмжөө ашиглан хаанаас ч эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн
тусламж үйлчилгээ, лавлагааг авч эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэх үзлэгийг
хийж болно.
Энэхүү нүүдлийн эмнэлэгтэй болсноороо эрт
илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэхээс гадна шаардлагатай
тохиолдолд сум, багийн төвд, малчны хотонд, хээр хөдөө гарсан гэнэтийн аюул
ослын үед ч үзлэг оношилгоог түргэн шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байгаагаараа ач
холбогдолтой.

Улаанбаатар