ӨМНӨГОВЬ: Гурван зээрдийн агуй 1150 метрийн өндөрт оршдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Гурван зээрдийн агуй нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт бий.
Тус агуй нь Даланзадгад сумаас 410 гаруй км, Монгол Улс, БНХАУ-ын хилээс арав гаруй км гурван зээрдийн овооны ар бэлд 1150 метр өндөрт байдаг.
Амсрын өргөн нь 80 см, өндөр нь 180 см, дүүжингээр 10 гаруй метр доошлоход 9 өрөө тасалгаа тосдог.
Энэ агуйн салаанууд уужим, нарийн олон янз байдаг бөгөөд судлаач Дамдинсүрэн 180 м урт нэгэн салаанд нь 70-аад жилийн өмнө орж судалгаа хийсэн байдаг.
Тус салаанд элдэв амьтны мөр дөнгөж саяхан яваад өнгөрсөн юм шиг шинээрээ хадгалагдсаар байдгийг их сонин хэмээн ярьдаг. Хамгийн сонин нь 1930 онд энэ агуйгаас хатан хүний хатсан шарил олж байжээ. Судлаачид тус хатны шарилыг 300-400 жилийн хугацаанд хадгалагдаж байгаа гэж үзсэн боловч ямар учиртай, хэн гэдэг хатан, хэрхэн тэнд үүрд нойрссоныг олоогүй юм.
Агуйгаас баруун тийш тачирхан өвс ургамалтай тэгш шал хоолой үргэлжилнэ. Агуйн баруун хойд талд нэг км орчим зайд 1100 метр өндөртэй цайвар шаргал өнгөтэй сонин тогтоцтой зэрэгцээ гурван үлдэгдэл уул бий. Агуй нь ёроолдоо уужим 45.1х24.5 метр хэмжээтэй зууван хэлбэртэй болж уужрах ба цаашаа олон салаа салбаргүй болдог.
Агуйн том заалны өндөр 20 орчим метр хүрнэ. Агуйд ганц нэгээрээ хамгаалалтгүй орох, орсон хүн агуйг үзэж сонирхоход нэн хүндрэлтэй. Эндээс нэг ширхэг бүтэн бана, 3 ширхэг баныг хугалан авсан суурь олдсон нь манай орны агуйнуудаас олдсон бануудын дотроос хамгийн эртнийх нь юм.
Нутгийнхан
энэ агуйгаар орсон нохой цааш нэвт гараад Хятадын нутагт гараад явчихсан байсан
гэж ярих нь ч бий.