ӨМНӨГОВЬ: "Даланзадгадын хурд" төвийн бүсийн хурдан морины уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын “Хотын долоо хоног” үйл ажиллагааг тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл зохион байгуулна.
Хотын долоо хоногийн хүрээнд “Даланзадгадын хурд” төвийн бүсийн хурдан морины уралдааныг гурван насны ангиллаар зохион байгуулж, долоон аймгийн 24 сумын 200 гаруй хурдан морь уралджээ.
Хязаалан насанд 28 хурдан хүлэг уралдаж түрүү магнайд Дундговь аймгийн Өндөршил сумын Н.Зоригтмөнхийн хүрэн халзан, үзүүр түрүүнд Дундговь аймгийн Хулд сумын Э.Сандагдоржийн сартай хээр, гуравт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын О.Наранбаярын хээр, дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Т.Баттулгын хонгор, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ц.Өнөр-Эрдэнийн буурал халзан тус тус хурдалжээ.
Харин сонгомол шүдлэн насны морьдын уралдаанд 38 хурдан шүдлэн уралдаж түрүү магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач А.Үйлстөгөлдөрийн сартай зээрд, аман хүзүүнд мөн сумын А.Хувьтөгөлдөрийн хар үрээ, гуравт Дундговь аймгийн Хулд сумын уяач Э.Сандагсүрэнгийн хүрэн халзан үрээ, дөрөвт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Ө.Мөнхжаргалын хүрэн, айргийн тавд Э.Хүчитбаатарын хээр үрээ хурдалж хурсан олныг баясгажээ.