ӨМНӨГОВЬ: Морин хуураар дамжуулан Монголын соёл урлагийг дэлхийд сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-17 10:00:32

Даланзадгад, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол үндэсний бахархал, соёлын биет өв болсон хос чавхдаст морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг Морин хуурын олон улсын VII наадмыг нээлтийн үйл ажиллагааг ёслол хүндэтгэлтэй эхлүүллээ.

  

Нээлтийн үйл ажиллагааны эхэнд морин хуурын олон улсын VII наадмын зохион байгуулах хорооны гишүүн, МУСГЗ Болдын Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг оролцогчдод уншиж танилцуулан Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн Н.Жигжиддоржид гардуулан өглөө.


 

Морин хуурын олон улсын VII наадмыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар шийдвэрлэж, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Улсын филармони, Морин хуурын чуулга, Дэлхийн морин хуурын холбоо хамтран орон нутагт анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

 

 Морин хуурын олон улсын VII наадамд зургаан улсын 168 оролцогч оролцож байна.

 

Мөн наадмын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүллээ.

 

Морин хуурын олон улсын VII наадмыг мэргэжлийн морин хуурчдын, морин хуур сонирхогчдын, морин хуур урлаачдын уралдаан гэсэн 3 төрлөөр зохион байгуулж, нийт 168 оролцогч оролцож байна.

 


Энэхүү наадмыг зохион байгуулснаар морин хуур хөгжмөөр дамжуулан Монголын соёл урлагийг дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн театр, урлагийн байгууллагуудын хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, хөдөө орон нутаг руу чиглэх соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

Холбоотой мэдээ