ӨМНӨГОВЬ: Үргэлжлэн орсон борооны үеэр 30 гаруй дуудлага иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024
оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутгаар долоодугаар
сарын 14, 15-нд аадар бороо үргэлжлэн орлоо.
Бороо аймгийн 14 сумыг хамран орсон бөгөөд Сэврэйд 70 мм, Ноёнд 70 мм, Даланзадгадад 53 мм, Баяндалайд 49 мм, Гурвансайхан уулаар 48 мм, Гурвантэсд 48 мм, Мандал-Овоод 31 мм, Цогтцэцийд 28 мм, Баян-Овоод 27 мм, Номгонд 24 мм, Манлайд 19 мм, Цогт-Овоод 15 мм, Ханбогдод 14 мм орсон талаар аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.
Мөн үргэлжлэн орсон борооны улмаас Даланзадгад сумын зарим хорооллын гудамж талбай, айлууд усанд автаж тог цахилгаангүй болжээ. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж, үерийн 30 дуудлага, Ханхонгор суманд тээврийн хэрэгслийн ослын нэг, Гурвантэс суманд байшин усанд автсан нэг дуудлагыг хүлээн авсан байна.
Одоогийн
байдлаар үер усны дуудлагад Даланзадгад сумын мэргэжлийн ангиас 28 алба хаагч,
11 техник хэрэгсэл, Онцгой байдлын газраас 18 алба хаагч 3 техник хэрэгсэл, нэг тоног төхөөрөмжтэй, Өмнөговь аймгийн ЗДТГ-аас 5 албан хаагч,
"Таны зам" ХХК-аас 2 алба хаагч 2 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Түүнчлэн Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 295.1-295.4 км-т буюу Даланзадгад хотоос 10 км орчимд үер бууж, зам дээгүүр давж урссан бол Даланзадгадаас Баяндалай явах замд 64 км-ийн тэмдэгтийн орчимд үер буусны улмаас замын хажуу далан нурж зам эвдрэх магадлалтай болсон тул иргэдийг сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа.