ӨМНӨГОВЬ: Сургууль, цэцэрлэгийн тогоочийг мэргэшүүлснээр хоол үйлдвэрлэлд дэвшил гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-07 14:52:01

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн тогооч нарыг мэргэшүүлэх сургалтыг Даланзадгад хотноо долоо хоногийн хугацаанд зохион байгуулж байна.

 

Тус сургалтыг 2023 оны арваннэгдүгээр сарын 6-12-ны өдрүүдэд онол, практик хосолсон байдлаар зохион байгуулж, хамрагдсан 60 гаруй тогоочид мэргэжлийн үнэмлэх олгох юм.





 

Сургалтаар сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөгдөх эрх зүйн орчин, хоолны жор технологи, шим тэжээлийн тооцооллыг боловсруулах, бэлтгэх арга аргачлалд суралцах, дотоод хяналтыг хэрхэн тавьж, хоол хүнсний аюулгүй байдлыг хангуулах талаар мэдлэг мэдээллийг тогооч нарт хүргэж дадлагажуулна.


Өмнөговь аймаг “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, гал тогоо, хоолны заалны барилгын хүртээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, ЕБС-ийн 6, 7 дугаар ангийн сурагчдад “Үдийн хоол” үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг зорилтуудыг тавьж үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.




Мөн боловсролын салбарт орон нутгийн төсвөөс 2023 онд 14,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд 4 тэрбум төгрөг зарцуулжээ.

 

ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн тогооч нарыг ийнхүү мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулснаар хоол үйлдвэрлэх чиглэлээр мэдлэг мэдээлэлтэй болж ур чадвар дээшилж, эрүүл, эко, шим тэжээллэг хоол хүнсээр хүүхдийг хангах орчин нөхцөл бүрдэж тодорхой үр дүнтэй дэмжлэг болно гэж мэргэжилтнүүд үзлээ.


 

Холбоотой мэдээ