ӨМНӨГОВЬ: Ирэх онд 20 мянган заг шинээр нэмж тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-26 08:46:59

Даланзадгад /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Тэрбум мод" тарих хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа бөгөөд Өмнөговь аймаг аяны хүрээнд 90 мянган мод тарих амлалтыг өгч, амжилттай хэрэгжүүлж байна.


Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар найман сумын 15 иргэнтэй 2024 онд 20 мянган заг тарьж ургуулах гэрээг есдүгээр сарын 24-ний өдөр байгууллаа.

 

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, "Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд тарьц суулгац бэлтгэдэг иргэдийг дэмжих зорилгоор загийн бортоготой 20 мянган тарьцыг үнэ төлбөргүй нийлүүлж, онол, дадлага хослосон сургалтад хамруулан зөвлөгөө өглөө.

 


Өмнөговь аймаг нь улсын хэмжээнд анх удаа мод тарьж ургуулсан иргэд, аж ахуй нэгжид мөнгөн урамшуулал олгох журмыг санаачлан хэрэгжүүлсэн юм.

 

Модыг зөвхөн суулгаад зогсохгүй, арчилж ургуулах нь хамгийн чухал бөгөөд ойжуулалтыг эрчимжүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр жимс жимсгэний аж ахуй, бордооны аж ахуй хөгжиж ажлын байр, хамгаалалтын зурвас, усжуулалт нэмэгдэх олон талын ач холбогдолтойг мэргэжилтнүүд энэ үеэр онцоллоо.




Холбоотой мэдээ