ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдийн эрх, хамгааллын талаарх суурь мэдлэгээ бататгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-28 10:36:03

Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хүүхдийг Ивээх Сангаас “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн хүрээнд “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сургалтыг Есөнбулаг суманд зохион байгуулав. 


Энэхүү сургалтыг хүүхдийн аюулгүй байдлыг хангах бодлого, журам, ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, хүүхэд хамгаалалтай холбоотой Монгол Улсын хууль, тогтоомж болон бодлогын баримт бичгүүдийн хүрээнд зохион байгуулсан байна. 


Мөн сургууль, дотуур байрны орчин дахь хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхэд ажилтнуудын үүрэг, оролцоо, сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал болон хүүхдийн сайн сайхан байдлын асуудлыг тусгасан байна.


Сургалтад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургууль болон Шарга сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сургалтын менежер, аймгийн Хамтарсан багийн нарийн бичиг, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд, мөн Боловсролын газрын хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамран сургалтын хариуцсан ахлах арга зүйч, мэргэжилтнүүд болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтнүүд хамрагджээ.


Тэд сургуулийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх, хүлээн авах, хариу арга хэмжээ авах, мөн нөхөн сэргээх үйлчилгээг хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, хүүхдийн эрх, хамгааллын талаарх суурь ойлголтоо бататгасан байна.


Сургалтын нээлтийн үеэр Засаг даргын орлогч Э.Энхнаран хэлэхдээ: “Бид шат шатандаа өөрсдийн үүргээ биелүүлж, хүүхдүүдээ айдасгүй, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлж, энэрэнгүй сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлж чадвал ирээдүйд илүү сайхан нийгмийг бүтээх боломж бүрдэнэ. Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрт манай аймгийн дөрвөн сургууль хамрагдаж байгаа ч бид сургагч багш нараараа дамжуулан олон улсын энэхүү туршлагыг аймгийнхаа бүх сургуульд нутагшуулан хэрэгжүүлэхийг зорьж байна” хэмээн онцоллоо.


Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь хүүхэд хамгааллын практикт туршигдсан сайн туршлага, нотолгоонд суурилсан арга зүйн хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг хангах замаар хүүхэд бүрийг тэгш, хүртээмжтэй орчинд суралцах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.


Хүүхдийг Ивээх Сан Говь-Алтай аймагт 2023-2025 онд “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Түүнчлэн 2022 оноос Говь-Алтай аймгийн Чандмань суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ