Гульнара Каримоваг шүүх хурал Швейцарт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-28 11:27:11

БЕРН, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /DW/. Узбекистаны ерөнхийлөгч асан Ислам Каримовын охин Гульнарагийн хэргийг хянан шийдвэрлэх эчнээ шүүх хурал Швейцарын Беллинцона хотод даваа гарагт эхэлжээ. Шүүх хурал тавдугаар сарын 22 хүртэл үргэлжилж магадгүй байгаа тухай Associated Press агентлаг мэдээллээ.


Өдгөө 53 настай Гульнара Каримова нутагтаа ял эдэлж байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй ажээ.


Швейцарын прокурорын газраас 2023 оны намар Гульнараг хэд хэдэн хэрэгт буруутгасан байна. Тэрбээр “Офис” гэдэг нэртэй гэмт хэргийн бүлэглэлийг байгуулан удирдаж байсан бөгөөд түүний бүрэлдэхүүнд олон арван хүмүүс, компаниуд багтаж байжээ. Гэмт хэргийн замаар олж авсан олон зуун сая долларыг Швейцар болон бусад улсад байршуулсан, хууль бусаар олж авсан бэлэн мөнгө, гоёл чимэглэлийн болон бусад төрлийн үнэт эдлэлийг хадгалсан хэмээн Гульнараг буруутгасан байна. Тодруулбал, Узбекистаны харилцаа холбооны салбарт ажиллахаар төлөвлөж байсан гадаадын байгууллагууд Гульнаратай холбоотой компаниудаар дамжуулан хахууль өгдөг байжээ.


2024 оны 11 дүгээр сард Швейцарын прокурорууд тус улсын Lombard Odier хувийн банкийг “гэмт хэргийн замаар олсон орлогыг нуун дарагдуулахад гол үүргийг гүйцэтгэсэн” гэж буруутгасан байна.  


Харин Узбекистаны прокурорын байгууллага 2013 онд Гульнаратай холбоотой мөнгө завшсан, татвараас зугтсан гэх хоёр хэрэг үүсгэжээ. 2015 онд эхний хэргээр түүнд 5 жилийн хорих ял, 2017 онд хоёр дахь хэргээр 10 жилийн хорих ял тус тус оноосон байна. Дараа нь 2020 онд хуйвалдаан зохион байгуулсан, бусдыг сүрдүүлэн мөнгө авсан, мөнгө угаасан, дээрэм хийсэн зэрэг хэргээр 13 жил 4 сарын ял оноожээ.


Узбекистаны Хуульзүйн яам 2022 онд мэдээлснээр, Каримова болон түүний бүлэглэлийн Швейцар дахь мөнгөний хэмжээ 686 сая доллар, АНУ, Франц, Латви болон бусад улс дахь мөнгө нь 1.4 тэрбум доллар байв. Өнгөрсөн онд Швейцарын тал 182 сая долларыг Узбекистанд буцаан өгөхөөр шийдвэрлэжээ.

 

 

Холбоотой мэдээ