В.Путин Ираны Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2026-04-28 16:46:53

САНКТ-ПЕТЕРБУРГ, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /RT/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчиг хүлээн авч уулзжээ. Санкт-Петербург хот дахь Ерөнхийлөгчийн номын санд болсон уулзалтын нээлттэй хэсгийн үеэр тэрээр Ойрх Дорнодод энх тайвныг аль болох хурдан тогтоох хүчин чармайлтад тууштай хэвээр байгаа гэдгээ дахин илэрхийлсэн гэж Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.


Оросын удирдагч Иран болон "бүс нутгийн бүх ард түмний" ашиг сонирхолд нийцэх бүхнийг хийж буйгаа онцлон тэмдэглэжээ. "Та бүхэн бидний байр суурийг сайн мэднэ" хэмээн тэрбээр хэлээд "Ираны ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө эрэлхэг зоригтой, баатарлагаар тэмцэж байна" хэмээн цохон тэмдэглэжээ.


Хариуд нь Гадаад хэргийн сайд А.Арагчи Орос улстай тогтоосон харилцааг "хамгийн дээд түвшний стратегийн түншлэл" хэмээн тодорхойлжээ. Түүний хэлснээр, АНУ, Израилын цэргийн ажиллагааг сөрөн зогсож буй Ираны удирдлага "тогтвортой, ганхашгүй" хэвээр байгаа аж.  Дэлхий дахин одоо "Исламын Бүгд Найрамдах Улсын жинхэнэ хүч чадлыг мэдэж авлаа" хэмээн тэрбээр нэмж дурджээ.


Үүний сацуу тэрбээр Ираны тал АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хэлэлцээ хийх хүсэлтийг авч хэлэлцэж байгааг мэдэгджээ.  АНУ тавьсан зорилтуудынхаа нэгийг ч биелүүлж чадаагүй тул дахин уулзалт хийхийг хүссэн гэж А.Арагчи Орост сэтгүүлчдэд ярьсан байна.


В.Путин, А.Арагчи нарын хэлэлцээ нэг цаг хагас орчим үргэлжилсэн бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хэсэг нь тав хүрэхгүй минут байжээ. Оросын талаас уг уулзалтад Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков болон Зэвсэгт хүчний Жанжин штабын Тагнуулын газрын дарга Игорь Костюков нар оролцжээ. Ираны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Арагчигаас гадна тус улсын Гадаад хэргийн дэд сайд Казем Гариб-Абади болон Москва дахь Элчин сайд Казем Жалали нар багтжээ. С.Лавров уулзалтын дараа мэдэгдэхдээ, хэлэлцээ "үр дүнтэй" болсон гэлээ.



Холбоотой мэдээ