А.Гутерриш: Хиймэл оюун, квант тооцооллын технологиуд цөмийн аюулыг ойртуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2026-04-28 13:05:13

НҮБ, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /TASS/. Хиймэл оюун, квант тооцоолол зэрэг шинэ технологиудын хурдацтай хөгжил нь цөмийн аюулгүй байдлыг улам хүндрүүлж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш мэдэгджээ. 


"Өдгөө хиймэл оюун, квант тооцоолол зэрэг шинэ технологиуд эрчимтэй хөгжиж байгаагийн улмаас цөмийн аюул занал улам ойртож байна. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд цөмийн зэвсэг ба шинэ технологиудыг уялдуулан тэмцэх талаар тусгах ёстой. Цөмийн зэвсгийг устгах хүртэл хүн төрөлхтөн түүний ашиглалтад тавих хяналтаа хэзээ ч алдахгүй байхыг уг гэрээгээр баталгаажуулах ёстой" гэж А.Гутерриш хэллээ. 


Тэрбээр энэхүү гэрээг өнгөрсөн үеийн “хуучирсан баримт бичиг” биш, харин дэлхийг цөмийн зэвсэггүй болгох зорилготой "амьд хэрэгсэл" хэмээн тодорхойлоод, улс орнуудын хатуу үүрэг амлалтаас шалтгаалан энэ гэрээ үр дүнтэй хэвээр байж чадна гэдгийг онцолсон байна.


Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх 11 дэх удаагийн хяналтын бага хурал Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд дөрөвдүгээр сарын 27-нд эхэлжээ. Энэхүү хурал таван жил тутам болдог бөгөөд гэрээнд нэгдсэн 191 улс оролцож, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах гэсэн гурван үндсэн чиглэлээр гэрээний хэрэгжилтийг хэлэлцдэг.


Энэ удаагийн хурлын үеэр геополитикийн зөрчил, мөргөлдөөн нэмэгдсэн нөхцөл байдлаас шалтгаалан маргаан ихтэй хэлэлцүүлэг өрнөх төлөвтэй байгаа бөгөөд төлөөлөгчид бодитой алхмуудыг тусгасан эцсийн баримт бичгийг зөвшилцөхийг зорино. Цөмийн зэвсэгтэй болон цөмийн зэвсэггүй гүрнүүдийн зөрчил гүнзгий байгаа тул амжилтад хүрэх эсэхэд олон шинжээч эргэлзэж байна. Хурал 5 дугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ