ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн ажлыг түлхүү хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-28 15:17:19

Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран "Иргэдэд хууль сурталчлах" нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.


Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн чиглэлийн дагуу 21 аймгийн салбар зөвлөл болон гишүүн байгууллагууд хамтран иргэдэд хууль сурталчлах, мэдээлэл өгөх өдөрлөгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн юм.


Үүнтэй холбогдуулан уг өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд энэ нь иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн юм.


Говь-Алтай аймгийн тухайд 2025 онд иргэдэд хууль сурталчлах, мэдээ мэдээллээр хангах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, цаашлаад иргэд, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажилласан бол энэ жил хүүхдэд чиглэсэн нөлөөллийн ажлыг голчлон төлөвлөжээ. 


Энэ удаагийн өдөрлөгт аймгийн ИТХ, ЗДТГ, Шүүх, Цагдаа, Онцгой байдлын газар зэрэг 20 орчим байгууллага оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ иргэдэд шаардлагатай зөвлөмж мэдээллийг үнэ төлбөргүй түгээснээрээ онцлогтой боллоо хэмээн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ