БАЯН-ӨЛГИЙ: Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэдээлэл, танилцуулга хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Х.Жангабыл нарын санаачилгаар Баян-Өлгий аймагт сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэн, танилцуулга уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар болон Эрчим хүчний яамтай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд аймгийн удирдлагууд, иргэд, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцов.
Уулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр УИХ-аас баталсан бодлого, шийдвэр мөн Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй журам, зохицуулалтыг танилцууллаа. Иргэд, аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан цахилгаан хэрэглээгээ бууруулах, илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлж нэмэлт орлого олох боломжийн талаар мэдээлэл хүргэлээ.
Үзэсгэлэнгийн үеэр "Баясалтөгс", "Монхорус", "Рентек инженеринг энд консалтинг", "Жи пауэр", "Эрчим инвест", "ИСЭТ" ХХК зэрэг байгуулла бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар танилцуулга хийж, мэргэжлийн зөвлөгөө өглөө. Харин Хаан, Хас, Голомт, Төрийн банк зэрэг санхүүгийн байгууллагууд ногоон зээлийн бүтээгдэхүүнээ танилцуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэсэн юм.
Мөн цахилгаан түгээх байгууллагууд нарны эрчим хүчний системийг сүлжээнд холбох хүсэлтэй хэрэглэгчдийн өргөдлийг газар дээр нь хүлээн авч, шийдвэрлэх ажлыг зохион байгуулсан байна.

