2028 оноос элсэлтийн шалгалтын тогтолцоонд шинэчлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-28 16:49:59

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Боловсролын яамнаас элсэлтийн шалгалт болон гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.


Одоогийн мөрдөж буй журам 2028 оны долоодугаар сар хүртэл хүчин төгөлдөр байх бөгөөд үүнээс хойш шат дараатай шинэчлэл хийхээр бэлтгэж байна.  Энэ жилийн элсэлтийн шалгалтын бүртгэл 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн ба 5 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Харин дүйцүүлэх шалгалтын хүсэлтийг 6 дугаар сарын 3-ныг дуустал хүлээн авах аж.


Элсэлтийн шалгалтыг монгол хэл, математик, нийгэм судлал, түүх, англи болон орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хөтөлбөрийн агуулгад тулгуурлан зохион байгуулна. Харин 2028 оноос хойш элсэлтийн шалгалтын тогтолцоог шинэчилж, суралцах чадварын шалгалт, судлагдахууны олон түвшинт шалгалт, ур чадварын үнэлгээ, олон улсын англи хэлний шалгалтыг хослуулсан хэлбэрт үе шаттай шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь сурагчдын мэдлэгээс гадна чадвар, хэрэглээний ур чадварыг илүү бодитой үнэлэхэд чиглэж буйг албаныхан онцлов.


2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь:

6 дугаар сарын 25 /пүрэв/

  • Түүх 10:00-11:20 
  • Англи хэл 14:00-15:20 

6 дугаар сарын 26 /баасан/

  • Хими 10:00-11:40 
  • Газар зүй 13:00-14:20 
  • Нийгэм судлал 16:30-17:50 

6 дугаар сарын 27 /бямба/

  • Биологи 10:00-11:20 
  • Математик 14:00-15:40 

6 дугаар сарын 28 /ням/

  • Физик 10:00-11:40 
  • Орос хэл 13:00-14:20 
  • Монгол хэл 16:00-17:20
Холбоотой мэдээ