СЭЛЭНГЭ: Баавгай айлын үхэр барьж, зөгийн үүр эвджээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-28 10:25:46

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2-р багийн Гангат хэмээх газарт айлын үхрийг баавгай барьж, мөн зөгийн үүр эвдсэн тохиолдол гарчээ.


Хаврын улиралд ичээнээс гарсан баавгай суурин газарт ойртож, мал аж ахуйд хохирол учруулах тохиолдол нэмэгдэж байгаа талаар орон нутгийн иргэд мэдээлж, энэ нь малчдад бодит эрсдэл үүсгэж байгаа юм.


Өмнөх жилүүдэд ч Сэлэнгэ аймагт ижил төрлийн тохиолдлууд гарч байжээ. Тухайлбал, Ерөө суманд 2025 онд малчин айлын үхрийг баавгай барьсан бол 2026 оны эхээр мөн тус сумын нутагт богино хугацаанд хоёр үхэр идсэн тохиолдол бүртгэгджээ. Мөн Сант суманд өмнөх жилүүдэд баавгай айлын хотонд орж, хонь, ямаа барьсан тохиолдлууд гарч байсан байна.


Хаврын улиралд баавгай идэш тэжээл хайж идэвхждэг тул ой, хээрийн бүсэд амьдарч буй иргэд анхаарал, сэрэмжээ нэмэгдүүлэх шаардлагатайг холбогдох албаныхан анхаарууллаа.


Мэргэжлийн байгууллагууд иргэдэд мал сүргээ хараа хяналттай байлгах, шөнийн хамгаалалтыг сайжруулах, зөгийн аж ахуй эрхлэгчид үүрээ хамгаалах нэмэлт арга хэмжээ авахыг зөвлөж байна.