ӨМНӨГОВЬ: Спортын мастер О.Зулхүү 10.59 секундийн амжилтаар алтан медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-06-27 08:34:50

Даланзадгад /МОНЦАМЭ/. Монгол улсын гавьяат тамирчин Д.Намжилмаа агсны нэрэмжит хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн УАШТ-ийг Улаанбаатар хотын Налайх дүүрэгт амжилттай зохион байгууллаа.

 

Тэмцээнийг 2023 оны зургаадугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд 11 байгууллагын 250 гаруй тамирчин оролцжээ.

 

Харин Өмнөговь аймгаас 20 гаруй тамирчин, 2 дасгалжуулагч багшийн хамтаар оролцож, 12 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж, багийн нийт дүнгээр тэргүүн байр эзэлжээ.


Эрэгтэйчүүдийн 100 метрийн зайн уралдаанд Ren base Mongolia клуб, Өмнөговь аймгийн “Хүннүгийн говь” ХХК-ийн тамирчин, спортын мастер О.Зулхүү 10.59 секундийн амжилтаар алтан медаль хүртсэн байна. 

 


Өмнөговь аймгийн хувьд хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд 15 жилийн дараа дахин үзүүлж буй амжилт гэдгээрээ онцлогтой.

 

Отгонтөгсийн Зулхүү 2001 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн. Даланзадгад сумын спортын төрөлжсөн сургалттай VII бүрэн дунд сургуулийг төгсөж, одоогоор МУБИС-д багш дасгалжуулагчаар суралцаж байна.

 

Тэрбээр 2015 оноос эхлэн 8 жил тасралтгүй энэ спортоор хичээллэж байгаа бөгөөд анхны багш нь спортын төрөлжсөн VII сургуулийн хөнгөн атлетикийн багш Гантөмөрийн Сайнхүү юм.

 

Спортын мастер О.Зулхүү болон нийт тамирчдыг бэлтгэлээ тасралтгүй үр дүнтэй хийх бүхий л орчин нөхцөлийг ханган санхүүгээр дэмжин ажиллаж байгаа Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Хүннүгийн говь” ХХК-ийн захирал, Хөнгөн атлетикийн спортын мастер, Аймгийн арслан Ваанчигийн Мөнхбатад тамирчид талархаж байгаагаа илэрхийллээ.

 

 

Холбоотой мэдээ