ӨМНӨГОВЬ: Бороошуулах төхөөрөмжийг суурилуулж туршилтын ажлыг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-06-07 08:06:55

Даланзадгад /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс, Мандал-Овоо суманд бороошуулах төхөөрөмжийг туршиж эхэллээ.

ХБНГУ-д инженер технологийн чиглэлээр мэргэшин суралцсан Г.Галтайхүүгээр ахлуулсан ажлын багийг урьж, эхний ээлжид Өмнөговь аймгийн Гурвантэс, Мандал-Овоо сумын нутгуудад бороошуулах төхөөрөмжийг байршуулахаар төлөвлөжээ.


Энэхүү төхөөрөмжийг суурилуулахад шаардлагатай төсөв, санхүүг Өмнөговь аймгийн ЗДТГ-аас шийдвэрлэсэн бөгөөд үүл хуримтлуулагч, хур бороо оруулах төхөөрөмжийг 6 дугаар сарын 2-нд Гурвантэс сумын Дундголд, 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Мандал-Овоо сумын Хөөврийн голд суурилууллаа.



Тус бороошуулах төхөөрөмжийг еврей эрдэмтэн зохион бүтээсэн бөгөөд Сахарын цөлд 10 жилийн хугацаанд туршилт явуулж амжилттай болжээ. Харин Монголд Бэлхийн мод үржүүлгийн газарт 10 жилийн хугацаанд туршилтын үйл ажиллагааг мөн зохион байгуулж үр дүнтэй хэмээн үзэж 2023 оноос хөдөө орон нутагт суурилуулах ажлыг ийнхүү эхлүүллээ.

Одоогоор Өвөрхангай аймгийн 2 сум, Дундговь аймгийн 1 сум, Өмнөговь аймгийн хоёр суманд тус тус бороошуулах төхөөрөмжийг суурилуулаад байна.


“Нар хур трэйд” ХХК-ийн захирал Г.Галтайхүү:

Өмнөговь аймгийн ЗДТГ-аас хоёр сумын нутагт бороошуулах төхөөрөмжийг суурилуулах санал ирсэн. Үнэхээр сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн нийт нутаар бороо хур оролгүй ган гачигтай байгаа. Бороо хурыг оруулах бүхий л арга хэмжээг авсан гэсэн. Энэ төхөөрөмжийг 1950-иад оноос хойш дэлхийн олон оронд туршилт явуулах ажлыг хэрэгжүүлж байсан.

Тодруулбал дэлхийн хамгийн том цөл болох Сахарын цөлд үр дүнгээ өгсөн энэ төхөөрөмжийг туршиж орон нутагтаа бороо хур оруулах шийдвэрийг гаргасан байна. Энэ нь маш зөв шийдвэр юм. Тус төхөөрөмжийг сууриллуулахад сум орон нутгийн удирдлага, иргэд их таатай хүлээн авсан. Цаг агаарын мэдээгээр ирэх 10 хоногтоо цаашлаад 8, 9 дүгээр сард бороо хургүй гэсэн мэдээлэл байсан. Харин Гурвантэс суманд төхөөрөмжөө байршуулаад маргааш нь цаг агаарын мэдээг харахад бороо хур нэмэгдэх төлөвтэй болсон байсан. Энэ төхөөрөмж нь орган хэмээх агаар мандалд байгаа энергийг татаж түүнийхээ дагуу үүлийг хуримтлуулж бороо хурыг нэмэгдүүлдэг онолын дагуу хийгдсэн зүйл юм. Энэ төхөөрөмж хүн, амьтан болон байгаль эколигид ямар нэг хор хөнөөл байхгүй. Харин ч эргээд байгалийн урсгалыг зөв болгож үүлийг хуримтлуулан бороо оруулдаг. 

Холбоотой мэдээ