ӨМНӨГОВЬ: Гамшиг, онцгой байдлын үед хүүхэд хамгаалах төлөвлөгөөг хүүхдийн санаачилгад тулгуурлан хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-25 14:08:31

Даланзадгад /МОНЦАМЭ/. Гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгаалах үйл ажиллагааны хүрээнд говийн бүсийн аймгуудын хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд нэгдэн ажиллаж байна.

Тодруулбал, ХНХЯ, ЗГХА, ГБХЗХГ, НҮБ-ын Хөгжлийн сан, Өмнөговь аймгийн ОБГ, ГБХЗХГ, ЦГ зэрэг төрийн байгууллага хамтран гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгаалах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах арга зүйн зааварчилгаа өгөх бэлтгэл сургуулийг Даланзадгад хотод эхлүүллээ.

Тус үйл ажиллагаа 2023 оны 5 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд болох бөгөөд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь зэрэг аймгийн хүүхэд хамгааллын мэргэжлийн байгууллагын дарга, мэргэжилтнүүд хамрагдаж байна.

 

Өмнөговь аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Эрдэнэцэцэг:

Энэ үйл ажиллагааны онцлог нь сургалт нөлөөллийн арга хэмжээнд хүүхдийг оролцуулж гамшиг онцгой байдал тохиолдвол тэдэнд ямар сэтгэл зүйн өөрчлөлт гарах вэ, хүүхдүүдийг яаж хамгаалах вэ зэрэг асуудлаар хүүхдээс гарсан санал дээр мэргэжилтнүүд багаар ажиллаж ярилцаад, гамшиг бэлэн байдлын төлөвлөгөөгөө гаргах юм. Тус үйл ажиллагааны нээлт амжилттай эхэлж байгаад баяртай байна.

 

ГБХЗХГ-ын дарга Н.Өлзийхутаг:

Үйл ажиллагааг амжилттай зохион  байгуулж байгаа Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн ГБХЗХГ-ын хамт олондоо талархал илэрхийлье. Тус газрын хамт олон улсдаа үйл ажиллагаагаараа тэргүүлдэг. Бусад аймаг Өмнөговь аймгийн ГБХЗХГ-аас туршлага судлахаар олон хүсэлт ирүүлдэг. Тэгэхээр энэ аймгийн нэг агентлаг нь ийм сайн ажиллаж чадаж байгаа болохоор бусад хэлтэс, агентлагуудын ажлын уялдаа холбоо хангалттай хангагдан ажиллаж байгаа гэж ойлгож байна. 2001 онд Засгийн газрын тогтоолоор онцгой байдлын үед хүүхдийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр журам баталсан. Үүнд хүүхдийн эрхийг ханган хамгаалах, ялангуяа хүүхдийн эрхийн эсрэг дарамт, шахалт элдэв эрсдэлээс хамгаалахад салбар дундын хамтын ажиллагаа чухал. Энэ нь төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, хүмүүнлэг болон Цагдаа, Онцгой гээд бүхий л шатны байгууллагууд уялдаж хамтран оролцох ёстой. Ямар нэг онцгой байдал тохиолдсон үед хамгийн түрүүнд хүүхдийг хамгаалах нь чухал юм гэдгийг энэ журамд онцгойлон тусгасан байдаг. Энэ ажлын хүрээнд говийн бүсийн дадлага сургууль амжилттай эхэлж байна. 

Холбоотой мэдээ