ӨМНӨГОВЬ: “The Dalanzadgad Баха-250” мото уралдааныг нээлттэй зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-05 13:20:25

Даланзадгад /МОНЦАМЭ/. Даланзадгад суманд хаврын анхны мото уралдааныг нээлттэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Өмнөговь аймагт мото спортыг хөгжүүлэх, сонирхогчдыг энэ спортоор хичээллэх боломжийг бий болгож мэдлэг мэдээлэл олгох,  улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мото спортын клуб, холбоодын уялдаа холбоог сайжруулахаас гадна тамирчид говийн хөрсийг судалж, түүнд зохицож уралдах чадварыг олгох, Даланзадгад хотын бүтээн байгуулалт хөгжлийг сурталчлах зорилготой.

Тус уралдааныг улсын хэмжээнд мото спортыг сонирхогч болон клуб холбоодын мэргэжлийн тамирчдад 4 дүгээр сарын 15-наас 4 дүгээр сарын 16-ны өдрүүдэд нээлттэй зохион байгуулна.

 

Уралдааны явцад тамирчдыг gps-ээр хянаж нийт туулсан замыг тэмдэглэх бөгөөд уралдаан нийт 2 гараатай байх ба нийлбэр дүнгээр шагналт байруудыг шалгаруулна. Мотоциклийн хөдөлгүүрийн багтаамж заахгүй бөгөөд мэргэжлийн болон сонирхогч /“Pro and Junior”/ гэсэн 2 ангиллаар уралдаан болно.

 

Тэмцээнд оролцогч тамирчид мотоциклийн хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн хангасан байх ба үүнд хамгаалалтын хатуу малгай, цээжний болон бүтэн биеийн хамгаалалт, хамгаалалтын гутал, нүдний шил, бээлий, өвдөгний хамгаалалт зэргийг бүрэн өмсөж аюулгүй байдлаа хангасан байна.

Ангилал тус бүрээс 1, 2, 3  дугаар байр шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, Цом, мөнгөн шагнал гардуулна.



Холбоотой мэдээ