ӨМНӨГОВЬ: Сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-22 12:52:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар сүрьеэгийн 12 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор нэмэгдсэн бөгөөд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэг 32 хувьтай байна.


Жилд сүрьеэгийн 25-30 тохиолдол шинээр бүртгэгддэг. 2022 он гарсаар аймгийн хэмжээнд сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх зорилгоор 5 суманд үзлэг шинжилгээг зохион байгуулжээ. Эхний өдрийн үзлэгт 224 хүн хамрагдсан ба сэжигтэй 2 хүнийг дахин шинжилгээ оношилгоонд хамруулж хуучин хяналтад байсан сүрьеэгээр өвчилсөн 2 хүнийг давтан шинжилгээнд хамруулжээ.


Даланзадгад суманд сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх, сүрьеэтэй өвчтөний хавьтлыг бүрэн тогтоох, тархалтыг бууруулах чиглэлээр эрт илрүүлэг үзлэг, оношилгоог 2022 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Үзлэг шинжилгээг 167-р цэргийн ангиас эхэлсэн бөгөөд цаашид 148, 0131-р анги, ШШГГ, Цагдаагийн газар зэрэг байгууллагын албан хаагч, тэдний гэр бүл, Даланзадгад сумын зорилтот бүлгийн хүн амыг хамруулна. Үзлэг шинжилгээг аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн Сүрьеэгийн диспансер, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Даланзадгад сумын хамтарсан багууд хамтран зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ