М.Лхагвагэрэл Завхан аймгийн онцлох хүн боллоо

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-01-23 15:15:43

Завхан\МОНЦАМЭ\. Тус аймгийн 2021 оны “Онцлох хүн”-ээр Мөнхтөрийн Лхагвагэрэлийг тодрууллаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Мөнхтөрийн Лхагвагэрэл нь Жэм интернэшнл, “Даян” бөхийн дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх бөгөөд 2021 онд дараах амжилтуудыг гаргасан байна.

Тухайлбал, 2021 оны дөрөвдүгээр сард Казакстан улсын Алматы хотод болсон олимпын эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж олимпын эрхээ авсан.

Улмаар мөн оны наймдугаар сард Япон улсад болсон зуны олимпын их наадамд Монгол Улсаа төлөөлөн чөлөөт бөхийн 125 кг-ын жинд амжилттай барилдаж тавдугаар байр, Завхан аймгийн баяр наадамд шөвгөрсөн. Мөн өнгөрсөн оны 10-р сард Норвеги улсын Осло хотноо болсон чөлөөт бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 125 кг-ын жинд барилдаж Монгол Улсын хүнд жингийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан.

Мөн оны 11-р сард бүх цэргийн баяр наадамд түрүүлж “Цэргийн арслан” цол хүртсэн. 12-р сард Москва хотноо болсон “Alrosa cup” багийн халз барилдаанд урилгаар оролцсон. Үндэсний олимпын хорооноос зохион байгуулдаг “Бөртэ чоно” наадмын чөлөөт бөхийн “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тус тус шалгарчээ.

Тиймээс түүний өнгөрсөн онд гаргасан амжилтуудыг үнэлж, олон нийтийн санал асуулгаар Завхан аймгийн оны онцлох хүнээр тодруулж, уламжлалт шагнал урамшууллыг олгоод байна. Завхан аймгийн Яруу сумын харьяат М.Лхагвагэрэлийн багш нь гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адьяахүү юм.

Холбоотой мэдээ