Ц.Улам-Оргих: Ирэх онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын шинж чанартай 58 төслийг 16.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-16 20:26:29

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан болж аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, төсвийг баталлаа. Энэ талаарх тодруулгыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргихоос авлаа.


-Завхан аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Энэ хурлаар ирэх оны төсвийг баталсан?

-Завхан аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Хурлаар нийт 45.6 тэрбум төгрөгийн төсөв баталсан байна. 

-2022 оны төсөв ямар ямар салбарт нийт хэчнээн төгрөгийн төсөв батлав?

-Завхан аймаг 2022 онд орон нутгийн суурь зардал 36.6 тэрбум, орон нутгийн хөрөнгө оруулалт 1.6 тэрбум, орон нутгийн хөгжлийн сан 7.8 тэрбум төгрөгийг батлаад байна. Харин 2022 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн зардалд 88.0 сая төгрөгийг баталлаа.

-Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг хэрхэн дүгнэсэн бэ?

-Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд найман бодлого, 27 зорилт, 120 арга хэмжээг төлөвлөж 2021 онд хэрэгжилтийн явц 32.02 хувьтай байна. Харин аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зургаан бодлого, 26 бүлэг 244 арга хэмжээг төлөвлөж, 2021 онд 81.25 хувийн хэрэгжилттэй “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаас дүгнэсэн.

-Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэрхэн дүгнэв?

-Завхан аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 8 бодлого, 17 зорилт, 200 арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, биелэлт 90.37 хувийн хэрэгжилттэй дүгнүүлжээ.

-Энэ хурлаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2021 онд хийсэн ажлын тайланг хэлэлцсэн. Тэргүүлэгчдийн хийж хэрэгжүүлсэн гол ажлуудаас дурдвал?

-Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2021 онд хэрэгжүүлсэн ажлын төлөвлөгөөнд дөрвөн зорилт 80 арга хэмжээг төлөвлөн амжилттай хэрэгжүүлж, биелэлт 88.0 хувийн хэрэгжилттэй “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаас дүгнэсэн. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн гол ажлуудаас дурдвал, сумдын хурлын төлөөлөгчид, ИТХ-ын дарга, тухайн ажлын албыг чадавхжуулах сургалтуудыг танхимаар болон цахимаар улирал бүр зохион байгуулсан байгаа. Ингэснээр 24 сумын ИТХ, ИТХ-ын төлөөлөгчид хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.

Аймгийн Хурлын Тэргүүлэгчид, Ажлын албанаас сумдад ажиллан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын албаны үйл ажиллагаанд 13 үзүүлэлтээр хяналт шинжилгээ хийж Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарт арга зүйн зөвлөгөө өгч ажилласан нь үр дүнтэй ажил болсон. Мөн аймаг сумдад “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажил”, “Орон нутгийн хөгжлийн сангаар хийж буй ажил”, “Сум хөгжүүлэх сангаар хийж буй ажил”, “Шилэн дансны хуулийн хэрэгжилт”, “Орон нутгийн өмчит төсөвт байгууллагуудад орон нутгийн өмчийн ашиглалт хадгалалт хамгаалалтын байдалд”, “Аймгийн ИТХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг сумдын нутгийн захиргааны байгууллагууд хэрхэн хангаж байгаа” зэрэгт хяналт хийж сумдын удирдлага, хариуцсан төрийн албан хаагчдад үүрэг зөвлөгөө өгөх зэргээр Хурлын хяналтын чиг үүргийг тодорхой хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлж ажилласан байна.   


-Ирэх онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг энэ хурлаар хэлэлцсэн үү?

-Тийм ээ. 2022 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаар хэлэлцэн 257 иргэнд 25.80 га газрыг өмчлүүлэхээр шийдвэр гаргаж холбогдох байгууллагад уламжилсан байна.

-Ирэх онд Завхан аймагт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийх вэ?

-2022 онд манай аймагт шинээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын шинж чанартай 58 төслийг 16.4 тэрбум, он дамнан хэрэгжиж байгаа 29 төслийг 18.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. Мөн Завхан аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж 100 бүтээлч ажил хийх. Орон нутгийн хөгжлийг дэмжсэн “Шинэ хөдөө” төсөл хэрэгжүүлэх. Таван сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хийж батлуулах. Ерөнхий боловсролын 11 сургууль, гурван цэцэрлэгт, багш хөгжлийн төв байгуулах зэрэг олон ажлыг хийхээр “Аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-д тусган аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаар батлан хэрэгжилтийг эхлүүлээд байна.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ