Анхдугаар хуралдаан 4 удаа завсарлан байж хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-16 10:41:23

Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 7 сарын 15-ны өдрийн  11 цагт эхлэх байсан боловч, олонхи болсон МАН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид завсарлага авч үдээс хойш 15 цагт эхэллээ.

Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн дүн, төлөөлөгчийн  бүрэн эрхийг зөвшөөрөх, зохион байгуулалтын асуудлыг тус тус хэлэлцсэн юм.

Анхдугаар хуралдаанд аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Бөхболд 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуулийн дүнг танилцуулж, хуралдаан даргалагчаар 41 төлөөлөгчөөс хамгийн ахмад нь болох төлөөлөгч  Ш.Батсүхийг сонголоо.

Анхдугаар хуралдаан даргалагч Ш.Батсүх 2016-2020 он хүртэл ажиллах  Аймгийн ИТХ-ын 41  төлөөлөгчдийн бүрэн эрхийн үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулж, баяр хүргэж, амжилт хүслээ.

Үүний дараа МАН, АН-аас сонгогдсон төлөөлөгчид  додооддоо хэлэлцэх асуудлаа ярилцахаар түр 10 минутын завсарлага аваад дахин хуралдаа орлоо.

Аймгийн ИТХ-д МАН бүлгийн даргаар  аймгийн ИТХ-ын төлөөлөгч   М.Ганзориг, дэд даргаар Ч.Уранчимэг, АН-ын бүлгийн даргаар Ч.Чинбат, дэд даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батэнэрэл, Н.Энмандах нар ажиллах тогтоолыг хурал даргалагчид намууд  өргөн барилаа.

Намуудын өргөн барьсан тогтоолыг дэмжиж дээрх хүмүүсийг Ховд аймгийн ИТХ-ын намуудын бүлэгт ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу  аймгийн ИТХ-ын дарга сонгох дагуу зохион байгуулалтын асуудалд МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг  Анхдугаар хуралдааны дэгийн 4 дэх заалтад 2 цаг тутам завсарлана гэдгийг 10 хоног хүртэл гэж өөрчлөх санал орууллаа.Хуралдааны дэгт өөрчлөлт оруулах саналыг төлөөлөгчид дэмжлээ.

Ховд аймгийн Иргэдийн төлөлөгчдийн анхдугаар хуралдаан эхлэхээсээ авахуулаад дөрвөн удаа завсарлан байж хуралдан, мөн өдөртөө багтаан хурлаа нээлттэй үлдээсэн юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ