Алтайн улаан ямааг шинэ үүлдрээр баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-01 10:32:52

ХХАА-ын сайдын зөвлөлийн хуралдаанаар Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж буй Галшар угшлын адуу, Ховд аймгийн Алтай суманд үржүүлж буй Алтайн улаан ямаа, Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд үржүүлж буй Бөмбөгөрийн улаан ямааг үүлдрээр баталжээ.

Эдгээр шинэ үүлдрүүд нь олон жилийн хугацааны судалгаа, шинжилгээ, үржил селекцийн ажлын дүнд ашиг шим өндөртэй, бусад нутгийн малаас ялгарах онцлог давуу шинжүүдтэй нь тогтоогдсон байна.

Шинэ үүлдрээр баталсан Алтайн улаан ямааны онцлогийг Шинжлэх ухааны доктор, профессор Д.Алтангэрэл тодорхойлсон юм.

 “Алтайн улаан ямааны гол цөм сүрэг нь Ховд аймгийн Алтай суманд байдаг. Үржил селекцийн ажил 1976 оноос хийж эхэлсэн. Дотроо үндсэн гурван удамтай. 2003 онд тухайн үеийн ХХАА-н сайдын тушаалаар үүлдрийн хэсэг гэж батлагдаж байсан.

Өнөөдрийн байдлаар нийт 12 аймаг 80 суманд тархсан, шилмэл хээлтэгч хээлтүүлэгчийг өсгөж, 3.5 сая ямааг тус үүлдрээр сайжруулжээ.

Үүний дүнд нэг ямаанаас гарах ноолуурын хэмжээ ойролцоогоор 80 орчим граммаар нэмэгджээ. Үүнээс үзэхэд нэг ямаанаас орж ирэх ашиг нь 27 орчим мянган төгрөг болж байгаа юм. 

Алтайн улаан ямааны үүлдрээр сүргээ сайжруулж буй малчид, аймаг, сумд нэмэгдэх хандлагатай байна.

Тус ямааг өсгөн үржүүлж буй 80 гаруй сум, аж ахуй нэгжээс, дэвшил бүхий 3 үүлдэр шинээр гарчээ.

Говь-Алтай аймгийн Дэлгэр, Ховд аймгийн Чандмань суманд Бумбатын улаан ямаа нэртэй шинэ дэвшлүүд гарч ирсэн ба эдгээр нь Алтайн улаан ямааг сайжруулсан, ашиг шимийн гарц өндөртэй сүрэг юм. 

                                                                                                                      А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ