Улиастайд халдварын тоо буурахгүй байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-07-14 13:41:30

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн төв, Улиастай суманд коронавирусний халдвар хамгийн их бүртгэгдэж байна. Халдварын тоо буурахгүй байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 105 иргэний PCR шинжилгээ хийснээс 23 хүн халдвар авсан нь батлагдлаа.

Шинээр бүртгэгдсэн 23 тохиолдлын 18 нь Улиастай суманд бүртгэгдээд байна. Харин Завханмандал, Идэр, Сонгино, Яруу сумуудад сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдлээ. Шинжилгээгээр батлагдсан халдварууд нь тусгаарлалтад буй иргэдээс ихэвчлэн бүртгэгдэж байна. Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалт болон тусгаарлан ажиглах байранд нийт 4171 иргэн байна. Сүүлийн 24 цагт Завхан аймаг руу гадна хот аймгаас 620 тээврийн хэрэгсэл 1061 зорчигчтой орж ирсэн байна. Харин 24 тээврийн хэрэгсэл 30 зорчигчтой гарсан байна. Мөн 400 тээврийн хэрэгсэл 623 зорчигчтой аймгийн нутгаар дамжин өнгөрлөө. Энэ сард тус аймагт гаднаас ирж буй болон дамжин өнгөрч байгаа зорчигч их байна. Тиймээс хүнсний дэлгүүр захууд ариутгал халдваргүйтгэлийг чанд сахиж үйлчилгээ үзүүлэх. Иргэд онцын шаардлагагүй тохиолдолд зочин урихгүй, айлд зочлохгүй, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт заавал зүүх, гарын ариун цэврийг сахих, хүн хоорондын зай баримтлахыг хүсэж байна” Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ