Жавхлантынхан хилийн баганад аялах эрхийн бичгийн эзэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-29 18:32:21

 

Завхан аймагт “Дөл” тоглолт боллоо. Энэхүү тоглолт нь нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, залуу үеийн бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тодорхойлох, бүрэн дунд сургуулийн сурагчдыг цэрэг-эх оронч үзэлтэй, бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд түлхэц өгөх зорилготой юм. 

Энэ жилийн тоглолтонд Улиастай сумын бүрэн дунд сургуулиудын ахлах ангийн сурагчид оролцжээ.  Оролцогчид дөрвөн төрлийн тэмцээнээр өрсөлдсөн бөгөөд багийн дүнгээр Жавхлант цогцолбор сургууль амжилттай оролцож тэргүүн байрт шалгаран “Дөл” тоглолтын шилжин явах цом, “Монгол Улсын хилийн баганад аялах эрхийн бичиг”-ээр шагнагдлаа. 

Энэ жилийн “Дөл” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, хамтран оролцогчоор аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Онцгой байдлын газар тус тус оролцжээ.  Цаашид тоглолтыг  аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж тэмцээний цар хүрээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий хэмээн зохион байгуулагчид уламжиллаа.

Завхан Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ